2010-12-19

1 грамм = 6 тонн


Тун удахгүй цахилгаан эрчим хүчний бас нэгэн эх үүсвэр 5-р ДЦС (Дулааны Цахилгаан Станц) Улаанбаатарын ойролцоо баригдаж эхлэнэ гэсэн мэдээлэлтэй дэлгэрэнгүй ярилцлагыг хариуцах яамны нэгэн том албан тушаалтан “Өнөөдөр” сонинд өгсөн байна. Үүнийг уншаад Улаанбаатараа нэмж угааржуулья гэж надад ойлгогдлоо.

Өнөөдөр Улаанбаатарын утаа гамшигийн цаадах гамшигт хүрчихсэн. Манай гэр бүлийнхэн ер нь ялгаагүй  хотод амьдарч байгаа хүмүүс тэр чигээрээ өвлийн улиралд ханиад, амьсгалын замын өвчнөөс салахаа байчихсан. Нөгөө ханиад нь бүр давраад нь хэр баргийн эм, антибиотекд дарагдахгүй тэсвэртэй болчихсон. Ийм байхад нэрмээсэн дээр нэрмээс гэж дахин нэг утаа үйлдвэрлэгч хэрэгтэй гэж үү.

Учир нь ДЦС нь орон байрыг дулаацуулах дулаан болон цахилгаан эрчим хүч хоёуланг үйлдвэрлэхийн тулд маш өндөр зардалтай олон олон дамжлагаар дамжиж ажиллахаас гадна байгаль орчин, агаарыг маш ихээр бохирдуулдаг. 

Энгийнээр тайлбарлавал нүүрсийг өчнөөн хол уурхайгаас ДЦС дээр тонн тонн вагоноор татан авчраад, гурил шиг болтол нунтаглан химийн төрөл бүрийн бодисуудтай хольж зууханд шатаана. Зуухнаас гарсан дулаанаар усыг маш өндөр температурт хүртэл халаана. Халсан усны уурын даралтаар турбин генератор (том гол төмөр)-ыг соронзон ороомог дотор эргэлдүүлж цахилгаан гүйдлийг үүсгэж, гэрэл цахилгаанаар хангадаг. Харин өндөр температурт халсан усаар орон сууц, барилга байгууламжуудыг дулаанаар хангадаг.

Шөнө цахилгааны хэрэглээ маш бага болоход түүнийг дагаж ДЦС цахилгааны үйлдвэрлэлээ  багасгадаг ч үр ашиггүй цахилгаан үйлдвэрлэж хаясаар л байдаг. Учир нь дээр дурдсан дулаан гаргадаг зуухнуудаа унтраачихвал дахин эхнээс нь галлаж тодорхой өндөр температурт хүргэж, нөгөө генератороо эргүүлтэл их хэмжээний зардал, цаг хугацаа шаардах тул нүүрсээ шатаагаад үргүй хий ажиллуулсаар байдаг.

Нүүрсийг шатаах нь өөрөө агаарыг их хэмжээгээр бохирдуулдаг, дээр нь шатсан нүүрсний утаа, үнс, хог хаягдал нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой нь мэдээж юм. ДЦС нь мөн цэвэр усыг маш ихээр хэрэглэдэг.

Яармагын хойд талд байрлах манай улсын хамгийн том ДЦС болох ТЭЦ 4 –ийг харвал өндөр яндангаас шатаасан нүүрсний уутаа гарч байгаа нь харагдахаас гадна хэд хэдэн том өндөр босоо байгууламжаас усны уур ихээр гарч харагддаг. Энэ нь хэт их халсан усыг тодорхой температурт барихын тулд тэдгээр усыг өндөрөөс доош унаган хөргөж буй процесс бөгөөд энергийг бас л үр ашиггүй хаяж байгаа нь тэр.

Дэлхийд цэвэр ус, нүүрс гэсэн нэн хязгаарлагдмал болж байгаа байгалийн нөөцийг их хэмжээгээр ашигладаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд нэн хортой, зардал өндөртэй хоцрогдсон технологиор ажилладаг ДЦС –уудаас дэлхий нийт аль хэдийн татгалзаад эхэлчихсэн.

Гэтэл харин манайх эсрэгээ явах гээд байхын… Тэгвэл өөрөөр яаж явах вэ?

Минийхээр бол энэ асуултын хариулт бол цөмийн эрчим хүч буюу АЦС (Атомын Цахилгаан Станц) –г ашиглах. АЦС нь маш бага зардлаар их хэмжээний эрчим хүч, энерги гаргах, байгаль орчин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө маш бага үзүүлэх боломжийг олгосон өндөр технологиор ажиллдаг үйлдвэр.

Нөгөөтэйгүүр дэлхийд нүдний гэм болоод байгаа АЦС –ын үндсэн түүхий эд болох уран нь манай оронд тодорхой хэмжээнд хангалттай байгаа. Химийн элемент уран 235-ын цөм хуваагдахад маш их энерги ялгардаг. Нэг грамм уран бол Багануурын нүүрсний уурхайн зургаан тонн нүүрсийг шатаахад гардаг энергитэй адил энерги гаргана гэж байгаа. Ядаж л  бага зардлаар үйлдвэрлэсэн гэрэл цахилгааныг ард иргэддээ хэрэглүүлэх тусам иргэдийн халаасанд үлдэх мөнгө нь ихсэж, амьжиргаанд нь нэмэр болох нь ойлгомжтой билээ.

Хамгийн гол зүйл бол АЦС-ыг аюулгүй, найдвартай ажлуулах явдал гэж ярьдаг. Энэ тал дээр манайх туршлагагүй, чадваргүй дангаараа босгоод ажлуулж чадахгүй гэж айж эмээдэг. Айж эмээж суухын оронд гадны бэлэн туршлагатай улсуудаар босгуулж яагаад болохгүй гэж. Дэлхийд ийм туршлагатай орнуудын нэг бол Япон. Япон улс нь байгалийн баялаг гэх зүйлгүй, байнга газар хөдөлдөг бүс нутагт АЦС –ыг найдвартай, аюулгүй түвшинд барьж босгоод, ажлуулж байгаа орон.

Манай төр засаг бэлэн  мөнгө тараахын оронд үүнд л хөрөнгө оруулалт хиймээр. Тэр бэлэн мөнгөөр нь хэд гурван ханиадны эмээ аваад л дуусна. Харин ханиад үүсгээд байгаа эх сурвалж утаа, агаарын бохирдлыг багасгахад зөв ажилламаар санагдахын.

За тэгээд төгсгөлд хэлэхэд нэмж ДЦС барих биш АЦС -тай болох цаг нэгэнт болжээ. Болно гэдэгт итгэж байна!

7 comments:

  1. Сайхан нийтлэл болжээ. Манай станцууд дэндүү үрлэгэн байгаа нь үнэн шүү.

    ReplyDelete
  2. Үг хэллэгийн сонголт сайтай, агуулга нийтлэлүүд чанартай, шимтэн уншихаар сонирхолтой блог нэгийг олж авсандаа өөртөө баярлаж сууна. Дээрх бичлэгийн тухайд; шинэ 5-р станц утааны шинэ эх үүсвэр болох нь үнэн ч бохирдлын хувь хэмжээнд тийм ч их нөлөөлөхгүй гэж бодож байна. Яагаад гэхээр "хотын утаа ихсэхээс өмнөх болон дараах нөхцөл байдлыг харьцуулж үзэхэд цахилгаан станцуудын эрчим хүчний үйлдвэрлэл, ялгаруулах утааны хэмжээ, утаа цэвэршүүлэх тоног төхөөрөмжийн технологи зэрэгт бараг өөрчлөлт гараагүй байдаг, үүнийг харгалзаж үзвэл хотын утаа ихсэхэд цахилгаан станцууд тийм ч их нөлөөлдөггүй гэж дүгнэж болно" гэж би бараг 2 жилийн өмнө бичиж байлаа.

    Нөгөө талаас атомын станц барих ажиллуулах технологи, туршлага болоод мөнгө хөрөнгөгүй манайханд одоохондоо нүүрсээ шатааж цахилгаан дулаан гаргахаас өөр арга байхгүй. Гэхдээ цахилгаан станцын утааг багасгахад гэр хорооллынхыг багасгахаас хэдэн 100 дахин хялбар гэдгийг мартаж болохгүй. Анхнаасаа цэвэршүүлэх тоноглолуудыг чанартай суурилуулбал утаа бага ялгаруулах боломж бий.

    ReplyDelete
  3. ДЦС-ын зуухнууд маневрлах чадвар багатай нь үнэн шүү. Нэг зуухаа зогсоочихоод ахин галлах гэж 8 цаг дор хаяж болдог. Гэхдээ өндөр технологийн ДЦС-д миний сонссоноор 2 цагын дотор л галлаж чаддаг юм билээ. Мөн ДЦС-ээс гарч байгаа утааг төрөл бүрийн шүүлтүүрээр шүүж байгаа, ДЦС-ын янданг тооцоо судалгааны дагуу барьдаг тул яндангаас наанадаж 10-20 км радиус дотор утаа үйлчилдэггүй бөгөөд сарьнаж алга болдог юм. Дулаан болон цахилгааны эрчим хүч өндөр үнэтэй ч юмуу бага үнэтэй байгаа нь тус салбар нь улс төрчидын байнгын тоглоомын салбар болдогтой холбоотой. Хэрвээ ДЦС-ыг хувийн хэвшил эзэмших эсвэл удирдлагыг нь авах юм бол манай станцуудаас ажлаас халагдах олон хүн бий. Улс төрийн шахалтаар олон хүн ажилд авдаг, үнэтэй тоног төхөөрөмж шахаасаар авдаг нь эргээд эрчим хүчний үнэ өсөх шалтгаан болоод байгаа юм. АЦС-тай болдог юмаа гэхэд улс төрийн болон гадаад харилцааны маш өндөр ажиллагаа шаардагдах байх шүү. Манай 2 хөрш зүгээр харж байгаад манайд ийм төрлийн технологи хөгжүүлчих их гүрнүүд мөн үү гэдэгт их анхаарал хандуулах хэрэгтэй байх. За за олон юм нуршсан бол уучлаарай. Гоёо блог олсондоо Сааралтай мөн ижил баяртай байна. Сайхан баярлаарай

    ReplyDelete
  4. Сэтгэгдэл үлдээсэн Баяраа

    Улаанбаатарын утаа яахын аргагүй гамшгийн хэмжээнд хүрсэн нь үнэн. Түүнд нөлөөлж буй хүчин зүйлс олон байгаа. Гэр хороолол, машины утаа мөн улаанбаатар хотын газарзүйн онцлог гэх мэт.
    Гэхдээ ДЦС нэмж барилаа гээд утаа нэмэгдэн гэсэн үг БИШ юм. ДЦС-ын утааг гадагшлуулах яндан нь ШУ-ны үндэстэй судалгаа, шинжилгээний дагуу орчиндоо хоргүй байх нөхцлөөр хийгдсэн байдаг. Яндангийн өндөр 250 м байх ба энэ нь тухайн орчиндоо тархах нөхцлийг бий болгохгүй нарийн тооцооны дагуу хийгдсэн өндөр юм.
    Харин АЦС барья гэсэн таны саналыг дэмжиж байна. АЦС-ын нэг онцлог нь маш нарийн судалгаа, шинжилгээгээр хийгдэх ба анхны өртөг маш өндөр. Харин баригдсаныхаа дараа аюулгүй байдлыг сайтар мөрдөж ажилллуулбал хамгийн үр ашигтай байх төдийгүй МУ-ын эдийн засагт маш их хэмнэлт гарах юм.
    Дашрамд хэлэхэд сайхан блог оллоо баярлалаа.

    ReplyDelete
  5. Утаа гамшиг гэвэл тэр нь шиг үнэн алга. Гэхдээ Станц утаа хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай зүйл гэдгийн онцолмоор байна. Эрчим хүчний үйлдвэрийн тухай нийтлэл өөрийн санал бодлыг бичих гэж байгаа бол бичих зүйлийнхээ сайн судалж байж нийтлэл бичих нь зүйтэй. ТЭЦ барина гэдэг 2 хүн хашаан жижигхэн амбаар барьж байгаа юм шиг хийдэг зүйл биш. Хэд хэдэн жилийн судалгааны үндсэн дээр барьж байгуулдаг асар том ШУ. Би 80-аад оны хүүхэд энэ том станцууд ч 80,90-ээд онд байж л байсан гэтэл тэр үед хот ийм утаатай байсныг би санахгүй байна. Оросын нийслэл Москва 22ш ТЭЦ-тэй гэтэл станцын утааны гамшиг гэж ганц үг дуулдаагүй юм шүү. Гэхдээ олон нийттэй санаа бодлоо хуваалцаж байгаад чинь талархаж байна.

    ReplyDelete