2011-11-03

Монгол Мөрөөдөл


Хүн мөрөөддөг. Хүн мөрөөдөлд автахдаа л жинхэнэ хүн чанараа мэдэрдэг. Мөрөөдөл бол хүнийг хүн болгодог тэр зүйл мөн. Гэтэл амьтан мөрөөдөхгүй. Ингэхлээр мөрөөдөл нь хүнийг амьтнаас ялгах гол ялгаа байх нь. Хүний хувьд ийм бол үндэстний хувьд бас тийм. Мөрөөдөлгүй хүн адгуус лугаа, мөрөөдөлгүй үндэстэн сүрэг лугаа.

            Мөрөөдөл нь ирээдүйрүү чиглэнэ. Өнгөрсөн рүүгээ мөрөөднө гэж байхгүй. Тэгэхлээр мөрөөдөл нь нэг чигтэй юм. Гэхдээ мөрөөдлийг өнгөрснөөр ургуулна. Мөрөөдөл өчигдрөөс эхэлсэн, гэвч дан өчигдөр-өнгөрсөндөө тулгуурлан мөрөөдвөл юуны хол явах. Мөрөөдөл маргаашийг зорино, гэвч өчигдөр болоод өнөөдрийгөө мартвал бас л хол явахгүй ээ. Мөрөөдөл бол өнгөрсөн-одоо-ирээдүй гэсэн гурван цагийн зангилаа болой.

            Улс гүрэн цэцэглэн мандахын гараан дээр ирэхэд мөрөөдөл гэдэг үг үнэд ордог байна. Жишээ нь, дэлхийн 2-р дайны дараа америк хүн бүр, айл бүр, улс орноороо “америк мөрөөдөл”-д автсан ажээ. Америк мөрөөдлийн ачаар л Америк орон ингэж хөгжсөн гэж судлаачид үздэг байна. Их мөрөн тал талаасаа урсгал аван нийлж томорсоор монгол мөрөөдөлхэмээх том мөрөн үүснэ. Энэ том мөрөн үүснэ. Энэ том мөрөн буурал азийн цээжин дээрээс эх авч буцалтгүй урагшлан түрсээр далайн чанадад хүрнэ, даяарчлалын давуу талыг ашиглан монгол мөрөөдөл дэлхийн цээжинд гарна, бидэнд ийм боломж бүрэн бий. Эдүүгээ цаг бол том нь бус шалмаг нь, тоо нь бус чанар нь, хуучин нь бус шинэ нь өсдөг, өндийдөг болсон цаг. Энэ бол монголчууд бидэнд шинэ боломж. Шинэ боломжийг жижиг үндэстэн түрүүлж мэдэрвээс хөгжлийн манлайг олж чадна, үүнд гагцхүү бидний сэтгэлийн чин санаа буюу монгол мөрөөдөл л хүргэх авай.

            Мөрөөдөхөд хэмжээ хязгаар уг нь байхгүй, улс үндэстэн, айл гэр, хүн та юуг яаж мөрөөдөх нь таны эрх. Гэхдээ бодох юм бас бий. Та “нарыг тэврэнэ” гэж мөрөөдөж болно, гэвч түүнрүү гараа сунгах төдий л билээ. Эндээс боломжтой-бодитойг мөрөөд гэсэн сануулга гарна. Боломжтой мөрөөдөл гэж юуг хэлэх бол? Боломжтой мөрөөдөл гэдэг нь биелэх магадлал ихтэй гэсэн үг. Биелэх магадлал өндөр ихтэй мөрөөдлийг яаж олох вэ? Хариулт ойлгамжтой, шинжлэх ухааныг түш! Шинжлэх ухаанч мөрөөдөл гэж байх нь ээ? Яг тийм. Шинжлэх ухаанч мөрөөдлийг олон барина. Өөр зам үгүй.

            Хүний болоод улс гэрийн мөрөөдөл хичнээн том байх тусмаа төдий чинээ хүч нөлөө нь их байдаг аж. 8848 метрийн өндөрт гарна гэж мөрөөдөөд бэлтгэсэн уулчин 4100 метрийн өндөрт гархаар бэлтгэсэн уулчнаас илүү үр дүнд хүрдэг. Монголчууд бид өнөөдрийн зовлонгоо мартаж мөрөөдөх хэрэгтэй байна. “Хэтийн зорилго үгүй аваас ойрын зовлон эхэлнэ” гэж Чингис хаан бидэнд захижээ. Тэгэхлээр та бид ойрын зовлонгоо дөвийлгөж өдөр өнгөрөөх бус маргаашийн ирээдүйгээ тольдож мөрөөдье. Аль ч улс оронд, хэнд ч гэсэн сайхан ирээдүй бий. Сайхан ирээдүй нь сайн мөрөөдлөөс эхэлнэ. Өнөөгийн асуудал нь хичнээн ярвигтай байлаа ч тэр улсыг, тухайн хүнийг ирээдүйгүй гэж хэлж болохгүй. Та багаа бүхнээ алдлаа гэхэд цаана нь ирээдүй чинь үлдэнэ...

            Мөрөөдөл тухайн үеийнхээ орон цагаа дагаж хувьсана. Энгийн мөрөөдлөөс нарийн нийлмэл, илүү гүн, илүү ончтой мөрөөдөлд шилжих учиртай. Хөдөөгийн банди нар багадаа “сумын заан” болохыг мөрөөднө, хотод ирээд “монголыгоо хөгжүүлэх”-ийг мөрөөднө, гадаадад сураад дэлхийгээ өөрчлөх гэж мєрєєднє. Ингэж хувь хїний ч, улс гэрийн ч мєрєєдєл гїнзгийрэн хєгжинє. Мөрөөдөл нь ямар байна, эзэн нь тийм байдаг. Эзнээ мөрөөдөл нь хөтлөнө.

            Мөрөөдөл зүтгэл хоёр ихэр юм. Зүтгэлээр баталгаажихгүй бол мөрөөдөл нь хоосон болно. Бас зүтгэсэн бүхэн мөрөөдөлдөө хүчрихгүй. Зүтгэхэд учир буй. Манай хүүхэд залуус, ер хүн бүр сүүлийн үед ихэд зүтгэдэг-сурдаг-ажилладаг боллоо. Энэ сайн хэрэг. Гэхдээ онож, олж зүтгэхгүй бол “буруу замаар будаа тээгээд буцахдаа шороо тээх”-д хүрнэ... Ирж буй цаг үеэ мэдрээгүй, түүнээс зөрсөн, хадуурсан мөрөөдөл осолтой. Ард түмнийгээ, улс орноо чухамхүү энэ аюулаас сэргийлэхийн тулд Америк тэргүүтэй орнууд ирээдүйн ухааныг бүх талаар дэмжиж, онцгойлон хөгжүүлж байна.

            Шинжлэх ухаанч бүтээлч мөрөөдлийн үнэ цэнэ нэмэгдэж байна. Улс орнууд өөрийн гэсэн хөгжлийн үзэл номлолыг томъёолж, ирээдүйн хөгжлийн бодлого 20, 30 заримдаа 40 жилээр баримжаалан боловсруулж байна. Монгол улс мөрөөдөлгүй байсаар энэ цагтай золгосон уу гэвэл хаараахан тийм биш билээ. 20-р зуунд манай орон нэг улс төрийн намтай, тэр нам нь нэг мөрөөдөлтэй байв, нэр нь: социализм-коммунизм. Энэ мөрөөдөл эндүү ташаа байсан ч гэсэн монголчуудад эрч хүч-эрэмбэ цэгц өгсөн юм. Бид мөрөөдлөөр цангаж байна. Сурагч чи “Би оюунт профессор болно” мөрөөд, оюутан чи “Би чанартай боловсрол эзэмшиж монголыгоо дэлхийн дэвжээнд гаргана” гэж мөрөөд. Эцэг эхчүүд та нар “Монголдоо төдийгүй дэлхийд нэртэй сайн хүү төрүүлж өсгөнө” гэж мөрөөд... Бүгдээрээ мөрөөдье, бүр илүү сайхныг мөрөөдөцгөөе...

            Зарим хүмүүс “мөрөөд, мөрөөд, мөрөөдхөд мөнгө төлөх биш” гэдэг. Энэ бол мөрөөдлийн үнэ цэнийг мэдэхгүй хүмүүсийн үг, тэд мөрөөдлийг толгойд орж ирдэг элдэв бодолтой хутган эндүүрч байгаа хэрэг. Мөрөөдөхөд мөнгө төлдөг. Мөрөөдөхөд ухаан хэрэгтэй. Ухаанжсан оюунлаг мөрөөдлийн далайд хөвөгтүн. Хөвөхдөө луужинтай бол нэн сайн. Танд тийм луужинг ирээдүйн ухаан атгуулах болно. Хүмүүс мөрөөдөх явцдаа луужинтай болохсон гэж эртнээс оролдож байжээ. Жишээ нь, эрт цагийн хүмүүс агуй оромжид үстэй ноостой байх үедээ лам багшид мөрөөдлөө даатгах, зурхайчаас мөрөөдлөө асуух, элдэв шоо чулуу зоосоор мэргэлэх, баяр ёслолын үед зүг чигээ гаргах гэхчлэн арга саам хайсаар эцэст нь ирээдүйн ухаан хэмээх шинжлэх ухааныг олсон юм. Хүн алдсаар, алдсаар онодог ажгуу. Монголчууд шинжлэх ухаанаар ч мөрөөдөх болно, үүнийг монголын ирээдүйчид түүчээлэн тэргүүлэх болно. Монголд шинжлэх ухаанаар мөрөөдөгчид олширч байгаа нь илт мэдрэгдэнэ, тэд голдуу залуус байгаа нь бүр ч сайн юм. Мөрөөдөл нь яагаад заавал “Ирээдүйн ухаан”-тай холбогдох тухайд гэвэл, бид хий хоосон мөрөөдлийг бус, хэрэгждэг-биелдэг-бодит үндэстэй-шинжлэх ухаанч мөрөөдлийн тухайд ярилцаж байна.

            Мөрөөдлийн тухайд хүмүүсийн хандлага янз бүр. Сул сулбагар хүмүс мөрөөдлийг голдуу боломжгүй, үл биелэх талаас нь хардаг. Тэд мөрөөдлөө биелүүлэх гэж тэмүүлэхээсээ халширдаг, шанд нь “амьдралд ялагдсан хүмүүс” гэдэг одон зүүнэ. Ирээдүйдээ итгэл багатай хүмүүс эрсдэлээс айна, тэд мөрөөдөгсдийг шоолж муулж байдаг, шанд нь “бусдаас горьдогч” гэдэг медаль зүүнэ. Гэтэл ирээдүйг бүтээгч хүмүүст мөрөөдөл нь зорилго болж хувирна. Тэд мөрөөдлөө биелүүлэгчид бөгөөд тэд бол улс орноо урагш нь чиглүлэгчид мөн. Ийм ирээдүйг бүтээгчдийн ачаар улс орон урагшилдаг байна.

            Хэт ерөнхий мөрөөдөх нь барьц алдуулна. Мөрөөдөл харьцангуй хэлбэрээрээ тодорхой байвал нэн сайн. Холын мөрөөдөл бүрхэгдүү байх бол ойрынх нь тодорхой байх учиртай. Алсын мөрөөдөлд ахиж дэвших байдлаар шатлан өгсөж хүрнэ. Шатны гишгүүр бодитой бол чухам сайн. Монгол хүн үүн дээр алдаад байх шиг санагдана...
            Мөрөөдөл нь өөрчлөлттэй ихэд түншилнэ. Мөрөөдлийн агуулга нь өөрчлөлт-хөгжил юм. Мөрөөдөхийн тулд мөрөөддөг биш ээ. Өөрчлөх-хөгжүүлхийн тулд мөрөөддөг юм. Мөрөөдөх нь өөрчлөхийн эхлэлийн цэг. Өөрчлөлтгүйгээр урагшилна гэж байхгүй, энэ нь мөрөөдөхдөө өөрчлөхөө бас давхар бодож бай гэсэн шаардлага. Өөрчлөлтөөс айгсад мөрөөдөх хэрэггүй ээ, тийм хүмүүс олон байдаг нь гачлантай. Өөрчлөлтийг түшиглэсэн, өөрчлөлтөөр баталгаажсан тийм мөрөөдөл биелдэг. Тийм мөрөөдлийг бүтээлч мөрөөдөл гэнэ. Харамсалтай нь олон хүн бүтээлч бусаар мөрөөддөг, зүв зүгээр байж байтал мөрөөдөл нь биечлэх ухааны юм бодно, мөрөөдлөө өөрөө биелүүлэх гэж үл оролдоно, тэгээд мөрөөдлөө биелэхгүй болхоор нь бурууг бус бусдаас, төр засгаас хайна. Зах зээл бол хэн нэгэн этгээд бусдынхаа мөрөөдлийг гүйцэлдүүлж байдаг тогтолцоо биш билээ. Мөрөөдлөө бусдад даатгах хэрэггүй ээ...

            Барууны орнуудын өндөр хөгжлийн нууц нь юундаа байна вэ? Тэнд бүтээлч мөрөөдөл байнга эрчимтэй өрнөж байна, тэд үүнийхээ ачаар шинжлэх ухаан технологи, эдийн засаг, хүн, нийгмийн өндөр хөгжлйиг олжээ. Бүтээлч мөрөөдөл ийм хэрэгтэй болой. Бүтээлчээр мөрөөдөгсөд нэг чухал зарчмыг удирдлага болгодог. Тэр нь: хуучныг хамгийн сайн магтсанаас шинийг хамгийн муу мөрөөдсөн нь дээр. Энэ бол зарчмын шалгуур. Хуучныгаа магтахаар ой тэмдэглэх, онго шүтээнээ тахих ажил ундарна, түүнээс бодит үр нөлөө гарахгүй, эдийн засгийн алдагдал хүлээнэ. Харин шинийг хийе гэвэл эрэл хайгуулаас эхлээд бодит ажил шаарлагдана, тэгж байж биет үр дүнд хүрнэ, ингэж үр бүн гарна. Ялгаатай байгаа биз?...

            Өөрчлөлхийн тулд л мөрөөдөхгүй ээ, хөгжүүлхийн тулд л мөрөөднө. Хөгжүүлдэггүй өөрчлөлт хортой шиг хөгжүүлдэггүй мөрөөдөл хортой. Эндээс мөрөөдөл, өөрчлөлт хоёрын адил төстэй болон ялгаа зааг тодорно. Эдүгээ өөрчлөлт улам хурдассаар, хоорондох зай нь улам багассаар байна. Үүнийг дагаад мөрөөдөл бас өөрчлөлт орлоо. Мөрөөдөл олон богино мөчлөгтэй болж, илүү нарийн, илүү бодитой, илүү мэдрэмжтэй болов. Ер юмс үзэгдэл ихэд өөрчлөгдөж байна даа, тэгэхлээр мөрөөдөл бас л тийм болж таарна. Мөрөөдөлийн эх нь бид өөрсдөө бөгөөд тэрхүү мөрөөдөл нь та бидний оюун сэтгэхүйд оюун сэтгэхүйд эхлэн бүрэлдэнэ. Үүнийг санагтун.

            Нэг л өдөр та бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг төгс цогцлуулж, ардчилал-эрх чөлөө-зах зээлийн үр шимийг бүрнээ хүртэж , манай хээр талд хөгжлийн цэцэгс халиурч, хүмүүсийн магнай тэнийж, бидний монголчууд гар гараасаа барилцан аз жаргалтай амьдралын түлхүүрийг бие биедээ бэлэглэж, найрсагаар аж төрөх болно, тэр цаг холгүй ээ.

эх сурвалж: www.lector.mn

1 comment:

  1. Uu yostoi neeree uur hurchihlee. Bi oyutnuudaa uursdiinhuu muruudliig bicheed ir gesen daalgavar ugsiin getel neg oyutan chinii ene postiig ug useggui copydood ugchihsun baihiin odoo yaltai ve. Esvel chi ter oyutan uu ???
    Ug tedniig tsaashdaa yu hiih tuhai, hen baih tuhaigaa bodoj tuluvluj uurtuu tsag gargaj suugaasai gej hussen yumsan.

    ReplyDelete