2010-11-21

Сонсдог ном


Сонсдог номыг та ашигладаг уу? Харин миний бие саяхнаас ашиглаж эхэлсэн бөгөөд өөрт төрсөн санал бодлоо хуваалцахаар шийдлээ. Юуны өмнө нэгэн зүйлийг сануулья. Тамирын голын тос даасан баян Итгэлт, шилийн сайн эр засагт хааны Цахиур Төмөр,  түүний дүү Эрдэнэ, ахаа намайг бодоорой гэдэг “Хоовон Хөх” Хонгор гээд л гардаг уран сайхны кино байдаг даа, нэрийг нь санаж байна уу?

Яг мөн. Санаж байгаа биз дээ  “Тунгалаг тамир” кино. Энэ киног ухаан орсон цагаасаа авхуулаад мөн ч олон үзсэн дээ. Одоо ч хаяа гарч харагдвал үзчихдэг, яагаад ч юм дахиж үзэхэд огт уйддаггүй сайхан монгол кинонуудын нэг.

Харин саяхан энэ киноны зохиол буюу Ч.Лодойдамба гуайн бичсэн “Тунгалаг тамир” романыг анх удаа уншиж 5 гаруй хоногт дуусгалаа.  Гэтэл энэ роман нь киноноосоо илүү сонирхолтой, аргагүй л зууны шилдэг романдаа таарсан үнэхээрийн сайхан зохиол санагдлаа. Тухайн цаг үеийн нийгэм, үзэл суртлын цөөн хэдэн үнэр шингэсэн зүйлс ч энэ романд байна. Гэвч би бээр мундаг зохиолчийн энэ мундаг романд үнэлэлт дүгнэлт өгөхөөр ч хүн биш,  уран зохиолын хувьд зүгээр нэгэн “нойлын ногоон”  уншигч л билээ. Жирийн уншигчийн хувьд хэлэхэд “шууд л нүдэнд харагдтал дүрслэлтэй, яруу тансаг, гайхалтай, гайхамшигтай,…” гэхээс магтаж хэлэх үгс миний үсгийн санд олдохгүй юм. 

Кинон дээр Эрдэнийн эхнэр Долгор нь баян Итгэлтээс болоод нөхрийнхөө итгэлийг алдан, үймэрчихсэн яваад “Хорвоо чи, хүний зовлонд цадах болоогүй юу” гэж сэтгэлд сэрдхийтэл дуутайгаар Тамирын голд унаад чад болдог доо. Тэгвэл зохиол дээрээ Тамирын голд живэлгүй амьд үлдсэн байна лээ шүү. Үүнтэй холбоотой нэг сонин зүйл гэвэл Долгорыг Тамирын голд үйхэд Лодойдамба гуай өөрөө уйлж байсан гэдэг. Хожим зохиолынхоо хайртай дүрийг битгий үхүүлээч гэсэн уншигчдын хүсэлтээр яруу тайлал хийж дахин “амилуулжээ”.

За үндсэн хэлэх гэсэн санаанаасаа далийгаад хадуурч эхлэлээ, одоо гол зүйл үрүүгээ орьё. Харин та энэ романыг уншаагүй бол заавал уншаарай. Тэгвэл миний хэлэх гэж оролдож байгаагаас илүүтэйгээр танд ойлгогдож, мэдрэгдэж, амтагдах болно.

Гол зүйл юун гэвэл би энэхүү романыг сонсдог ном буюу аудио файлаар нь сонсож уншлаа. Яг үнэндээ би бүтэн романыг цаасан номоор нь бариж уншвал юун 5 өдөр, харин  ч 50 өдөр унших байх. Ингэж хурдан хугацаанд унших цаг, зав зайгаар туйлын хомсхон нөхөр учир өөрийнхөө мэргэжлийн номыг хэрэгцээтэй үедээ л эргүүлнэ, уран зохиолын номыг бүр ч унших боломж байдаггүй. Харин энэ сонсдог ном буюу аудио файлаар нь сонсож унших нь цаг зав хэмнээд туйлын зүгээр санагдлаа.  Богино хугацаанд араас угсруулан дахин хоёр ном (Нууц товчоо, Нүүдэл суудал) уншиж дуусгалаа. Угсруулна ч гэх шиг ер нь халуурсан нөхөр байгаа биз.

Харин дахиад аудио файлаар номнууд байвал уншмаар л байна. Даан ч ховор юм. Гэхдээ сүүлийн үед манайхан номнуудаа сонсдог ном байдлаар буюу DVD, CD болгож номын дэлгүүрүүдээр худалдаалах нь нэмэгдэж байна шүү. Энэ нь ч надад их таалагдаж байгаа.

Тэгээд сонсдог ном цаасан номоос илүүтэйгээр яагаад таалагдах болсон талаар доор хэдэн тайлбар, шалтгааныг өгүүлнэм.
  • Цагийг маш ихээр хэмнэж, илүү их мэдээлэл, мэдлэг авах боломжийг нээж байна.
  • Дуртай газраа унших боломжтой.
  • компьютерийнхээ ард ажлаа хийнгээ
  • тээврийн хэрэгсэл, машиндаа явангаа (ялангуяа надад бол түгжрээнд байхад)
  • ямар нэгэн хүн, оочер дугаар хүлээнгээ
  • хоол идэж, цай уунгаа гэх мэт
  • Сонсох хэрэгсэлээ орчин нөхцөлдөө тааруулан сонгох олон сонголттой (компьютер, гар утас, ipod, iPad,….)
  • Олон номыг өөртөө садаа болохгүйгээр (зөвхөн аудио файлуудаа л) авч явж, дуртайгаа сонгож сонсох боломжтой.
  • Олон хүнд түгээхэд (интернэт, сүлжээ ашиглан) хялбар (файл татаж хуулж аваад л болоо).
  • Зардал маш хямд (нэг CD үнэ + CD дээр шарах зардал нь нийлээд зузаан номноос хамаагүй хямд)
  • Уншигчид бодит, амьд мэдрэмжийг илүүтэй төрүүлж, сонирхолтой болгодог. Уйтгар гуниг, баяр хөөр, догдлол, айдсыг дуу хоолойны өнгөөр илэрхийлдэг. Гарч буй үйл явдалтай холбоотой ая болон дуу оруулж илүү сонсголонтой болгодог. (Жиш нь: “Тунгалаг тамир”  сонсдог номонд наадам болж буй үйл явдал, яриа хөөрөө өрнөж байхад цаана нь уртын дуу эгшиглэж байгаа нь үнэхээр наадмыг нүдэнд харагдах шиг болгож байна.)
  • Эрүүл мэндэд тустай буюу нүдний ачааллыг багасгана. Ном, PC ширтэж нүдэндээ их ачаалал өгсөөр байгаад над шиг "дөрвөн нүдтэн" болсон нөхдүүд ертөнцөөр олширч байгаа. Бүр залуужиж ч байгаа.  Харин сонсдог ном, дуу хөгжим сонсоод дүлийрсэн хүн гэж одоохондоо дуулдаагүй л байна.
  • Ногоон технологи буюу байгальд ээлтэй. (Цаасыг мэдээж модоор хийдэг)
Дэлхий нийтээр нэг жилд зарагддаг цаасан номыг бүгдийг нь сонсдог эсвэл цахим хэлбэрээр уншдаг болгон зарвал ямар хэмжээний зардал, мөнгө хэмнэх, хэдий хэмжээний модыг огтолохгүй байх, энэ нь эргээд дэлхийн дулаарлыг багасгахад ямар нөлөө үзүүлж байгаа зэргийг тооцож үзвэл бас л сонин тоо гарах байхдаа.

Түүнчлэн дахин хэвлэгдэхгүй байгаа хуучны шилдэг уран зохиолын номнуудыг  манай засгийн газраас хөрөнгө мөнгийг нь гаргаад сонсдог ном болгон, интернэтээс дуртай хүн нь үнэгүй татаж авахаар байрлуулчихвал хүүхэд залуучуудын хувьд оюуны том хөрөнгө оруулалт болно гэж бас бодож байна.  Үүнийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөний зардал нь ч маш бага тусна.

Тун удахгүй хүссэн сонсдог номоо дуртай газраасаа, дуртай хэрэгслээрээ интернэт ашиглан ямар ч гацалтгүй, татаж авах шаардлагагүйгээр цахимаар болон сонсож уншдаг (amazon-ны kindle, youtube, podcast, … нь үүний эхлэл ч байх), дурын байдлаар номнуудаас болон ном дотроос нь хайлт хийдэг, номын чухал хэрэгтэй газруудаа тэмдэглээд явдаг, буцааж тэр тэмдэглэгээгээр очиж сонсож уншдаг гэх мэт боломжуудыг бид ашиглах байх эвсэл аль хэдийн ашиглаад эхлэсэнийг би мэдэхгүй ч  байхыг үгүйсгэхгүй.

Эцэст нь хэлэхэд би цаасан номыг огт хэрэггүй гэж хэлэх гэсэнгүй. Мэдээж цаасан номонд өөрийн гэсэн давуу талууд олон байгаа бөгөөд би зөвхөн өөрийнхөө санал бодлыг та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Мөн ирээдүйн ном бол бүхэлдээ цахим болон сонсдог ном  болно гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Харин таныхаар?


4 comments:

  1. Уг нь их зүгээр юм байнлээ. Харин тэр Нүүдэл суудалыг сонсож чадахгүй юм байнлээ. Уншиж байгаа гар нь ихэнх үгийг үсэглэж уншиж муншаад. Гэхдээ жоохон хүүхдүүдэд бол заавал цаасан номоор уншуулвал дээр байхаа. Ном унших чинь асар их чадварыг суулгадаг юм шиг байгаамаа. Юм уншаад хурдан ойлгох,дүгнэх гэх мэт.

    ReplyDelete
  2. Ганзоригт:
    "Нүүдэл,суудал" -ын сонсдог хувилбар "Тунгалаг тамир" -гаа бодвол бичлэг тиймхэн байна лээ. Гэхдээ түүхийн талаар мэдэхгүй их зүйл мэдэж авсан шүү.

    Хүүхдэд бол цаасан номоор уншуулах гэдэгтээ санал нийлж байна. Мөн математик, физик, гэх мэт шинжлэх ухааны томьёо, тод, зураг графиктай номнууд бас цаасан хэлбэрээрээ байх нь ч бас илүү хүртээмжтэй байх.

    ReplyDelete
  3. Саяхан томилолтоор хөдөө явах үедээ Тунгалаг Тамир романыг сонсож уншлаа. Үнэхээр өөр юм билээ. Өөрөө суугаад уншихад зохиолчийн гаргасан санаа, орон нутгийн байдал, хүний сэтгэлийн хөдөлгөөнийг тэгж нарийн дүрсэлж чадахааргүй л дээ. Гэтэл чихээрээ сонсоод, нүдээ аниад, киноны хэсгээс дотроо бодоод явахад шал өөр мэдрэмж төрж байдаг шүү.

    ReplyDelete
  4. бидний хийсэн бүтээснийг үнэлж дүгнэсэнг унших таатай байна.

    ReplyDelete