2010-12-10

2 цагийн дараа ...


Өчигдөр www.tedy.mn –ээс нэгэн шинэ мобигийн дугаар худалдаж авлаа. Монголынхоо электрон худалдааны сайтаас анх удаа худалдан авалт хийж байгаа маань энэ. Тэдигийн энэ электрон худалдааны вэб сайт нь хэрэглэхэд боломжийн бөгөөд үйлчилгээ нь ч дажгүй юм .

Худалдаж авсан дугаарыг минь удалгүй авчраад өгчиж байна. Дараахан нь төд удалгүй бас  нэг шингэн хоолойт над уруу залгаад дугаараа хүлээж авсан уу, хэдэн цагт авсан бэ, үйлчлүүлсэнд баярлалаа гээд эргэх холбоотой байнаа. Гадаа ийм хүйтэнд нааш, цааш явж замд түгжирч цаг алдахгүй, ер нь тун дажгүй, таалагдсан шүү.

Харин худалдаж авах явцад онлайнаар төлбөрөө төлөхөд бяцхан хүндрэл гарав.

Ихэнхи банкны төлбөрийн картаар төлбөрөө төлөх боломжтой юм. Харин миний голлон хэрэглэдэг Хаан банкны төлбөрийн картаар гүйлгээ хийх боломжгүй гэнэ. Оператортай нь чатлаад асуувал Хаан банк нь тийм боломжгүй байгаа тул болохгүй гэнэ. Хаан банк уг нь монголдоо дээгүүр орох банк, сонин юм даа л гэж бодоод өнгөрөв.

За тэгвэл Голомтын карт байгаа түүгээрээ төлбөрөө хийчихье гэж бодоод гүйлгээ хийвэл болсонгүй. Уг картыг ашиглаагүй удсан тул интернэтээр орж дансаа  шалгатал үлдэгдэл нь хүрэлцэхгүй, түүнээсээ болоод гүйлгээ хийгдэхгүй байсан байв.

Тэгэхээр нь гүйж гараад ажлынхаа  хажууханд байх голомтын салбар уруу ороод картандаа мөнгө хийчихлээ. Орж ирээд төлбөрөө хийх гээд дахин оролдвол бас л болсонгүй. Болохгүй байна гэхээс яагаад болохгүй байгаа дэлгэрэнгүй мессежийг тэдигийн вэб сайт нь өгөхгүй нь байгаа нь сонин байв.

Сонин юм аа үлдэгдэл нь хүрэлцэнэ,  нууц код бүх юм зүгээр гэж бодоод тэдигийн оператортай чатлаад дахин хэллээ. Гэтэл Голомтын төлбөрийн картанд хийсэн мөнгөөрөө 2 цагийн дараа гүйлгээ хийх боломжтой байдгийн шдээ гэж нөгөөх оператор өөдөөс хэлж байна. Картын үлдэгдлээ вэб сайтаар орж шалгавал нээрээ л миний хийсэн мөнгө ороогүй байв.

Хэдэн жилийн өмнө банкны төлбөрийн картанд хийсэн мөнгө хугацааны хоцрогдолтой, тодорхой цагийн дараа ордог байсныг би таг мартаж. Гэхдээ тэр үе өнгөрсөн, Голомт банкны систем нь шинэ програмтай болсон доо гэж бодоод нэгэн танилаасаа лавлавал картын систем нь үндсэн системээсээ тусдаа гадны програм хэвээрээ байгаан гэдгийн.

Тэгэхээр аргагүй л дээ. Хоёр тусдаа систем нь тодорхой хугацааны давтамжтайгаар гүйлгээний мэдээллүүдээ хоорондоо солилцож өөрсдийн мэдээлэл, үлдэгдлүүдээ шинэчилж байгаа биз.

Би ч картанд хийсэн мөнгөө орохыг нь цаг гаран хүлээж байгаад төлбөрөө хийсэн. Энийг мэдэхгүй яарсан сандарсан хүнд бол сонин санагдах байх. Гэхдээ тун удахгүй энэ байдал үгүй болж,  улам сайжрах бизээ.

Харин худалдаж авсан шинэ дугаараа хүүдээ бариулна. Хүү маань энэ тэнд гүйж явдаг хөдөлгөөнтэй талдаа нөхөр. Энэ жил сургуульд орсон тул эхнэр бид хоёр утсаар хаана юу хийж явна, хаая хүүе гэж байхгүй бол бас л болдоггүй ээ :)

No comments:

Post a Comment