2010-10-31

Ааваа, би ээжийнхээ гэдсэнд яаж орчихсон юм бэ?

Өчигдөр орой гэртээ хариад сууж байтал манай хүү (5 настай) бид хоёрын дунд хорвоотой танилцах бяцхан яриа өрнөж, хүү маань надаас асуултууд асуулаа.



2010-10-24

Намар цаг амьдрал тэтгэх цаг

Ардын жүжигчин Зангад гуай өөрийн дуулдаг “Алтан намар” гэсэн сайхан дуундаа нэгэн сайхан клип хийжээ. Хүмүүст ч их таалагдаж байгаа бололтой. Аргагүй л дээ үг, ая нь тэр чигтээ намрын үнэртэй энэ сайхан дууг Зангад гуай дуулаад дээр нь тун дажгүй зураг авалт, зохиомжтой клип болсон болохоор хүмүүст хүрэхээс аргагүй.

Намар цаг алтан цаг,  намар цаг амьдрал тэтгэх цаг.  Энэ бол “Алтан намар” дуунд гардаг өгүүлэмж. Нээрээ л эргэх дөрвөн улирал ээлжилж намар болоход тариалангийн талбайд алтан шаргал тариа будаа халиураад л, хөдөө нутагт мал сүрэг тарга тэвээргээ авчихсан тал дүүрэн бэлчээд л, хот газар хичээл эхэлж хүүхэд, залуус сургуульдаа яваад л.  Эдгээр тариа будаа, мал сүрэг, хичээл сургууль, эрдэм боловсрол ... бүхэн амьдралыг тэтгэгч болохоор намрын улирал алтан цаг болох нь яах аргагүй үнэн билээ.

Арав дугаар сар сүүлдээ орж байхад энэ жилийн намар ч бас сайхан налайж байна. Энэ налгар сайхан намрын нэг өдөр буюу саяхан 10-р сарын 20 ны өдөр 10 цаг 20 минутад их сургуулийн найз Хишигээ маань охинтой болсон сайхан мэдээ дууллаа. Охинтой болсон нь Хишигээд маань бас л намар шиг амьдрал тэтгэсэн, алтан цаг болсон нь ойлгомжтой.

Мөн охиных нь төрсөн өдөр цаг нь ийм  тэгш тоотой давхцсаныг манай найз “би ер нь мэдрэмж сайтай даа л…”  гэж хошигнож байна лээ. Ер нь өөрөө ч бас тэрүүхэндээ хөөрхөн хошигноод  найзуудыгаа хөгжөөчихдөг нөхөр.

Их сургуулийн найзуудаас хамгийн ойр дотно байдаг найзуудын маань нэг бол Хишигээ маань. Хишгээ бид хоёр ийм л нэг намрын өдөр их сургуульд нэг ангид орцгоож анх танилцгааж байсан. Манай ангид Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, Говь-Алтай, Завхан, Төв гээд л бараг бүх аймгаас ирсэн хүүхдүүд байсан.  Хишгээ маань Увсаас ирсэн хоёр хацар нь бага зэрэг улаандуу, бор банди анх их сургуульд орж байсан нь саяхан санагдаж байна. Тэгсэн юун бор банди  одоо бол хүний нөхөр, гэрийн эзэн, хоёрын хүүхдийн аав болчихжээ. Цаг хугацаа ч хурдан давхиж байна шүү.

За тэгээд найздаа охинтой болсонд дахин баяр хүргээд "Алтан намар" дуугаар бэлэг барьчихья!




2010-10-20

Спамыг зогсоов


Спам (spam) гэдгийг цахим шуудан, мессенжер ашигладаг хүн болгон бараг мэднэ дээ. Хүсээгүй байхад чинь чам уруу ирдэг янз янзын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зар суртчилгаа, мөн хувийн мэдээллийг чинь олж авах, залилан хуурах, сэтгэл зүйн дайралт, дарамт хийсэн захиа, мессежүүдийг бид спам гэдэг.  Зарим нь ч бол бүр аймаар л даа. Чи энэ захиаг (эсвэл мессеж) тэдэн цагийн дотор тэдэн хүнд илгээхгүй бол тийм гай чамд тохиолдоно гээд л. За тэгээд энийг нь уншсан хүнд айхгүй ч гэсэн аягүй санагдана биздээ. Тэгээд нөгөө хүн цааш нь дахиад наян хүнд нөгөө спамыг нь илгээнэ. Харин  би тиймэрхүү мессежний ганц хоёр эхний үгийг нь хараад л өө нөгөөх ирж гээд л цааш уншилгүй шууд хаачихдаг. Мэйлийг нь бол мэдээж спам гээд тэмдэглэчихдэг.

Гэтэл одоо юм хөгжихийн хэрээр гар утсан дээр минь мөн л нөгөө спам мессежүүд ирдэг болсон. Ялангуяа мобигийн дугаар дээр ирдэг спам мессежүүд сүүлийн үед их олширсон, цаашид бол бүр олширох шинжтэй. Тийм компаний тийм шинэ цамц, өмд, оймс тэгж хямдарлаа, тийм шинэ кино, жүжиг тэнд гарна гээд л өглөө оройгүй, өдөр шөнөгүй намайгаа хүсээгүй байхад утсанд минь ирээд л, бөмбөгдөөд л байна. Ер нь бараа бүтгээгдэхүүн, үйлчилгээгээ мессежээр нийтэд суртчилах сонирхолтой компаниуд ч олширч байгаа бололтой. Аргагүй л дээ бусад оператороо бодвол моби хамгийн олон буюу нэг сая хэрэглэгчтэй гэдэг болохоор тэр биз. Мөн илгээсэн хэрэглэгчийн тооноосоо хамаараад мобид ч өөрт нь хэдэн зоосны ашигтай байх.

За мессеж ирлээ. Нөгөө хүлээж буй хүнээс мессеж ирж гэж бодоод үзэхэд нөгөө л спам. Нөгөө спамуудаа устгана, дахиад л маргааш нь өөр спамууд ирнэ. Сүүлдээ мессеж ирвэл нөгөө спам гуай л ирж байгаа биз гээд тоохгүй. Гэтэл жинхэнэ надад хэрэгтэй мессежээ уншилгүй өнгөрөөчихсөн байна. Мэдээж цаг үеэсээ хоцорчихсон  мессежний мэдээлэл ямар үнэ цэнэтэй байхав дээ. Гэх мэтчилэн минийхээ цагаас хумс хумсаар хумслаад, би тэрэнд нь бяцхан бяцхан дөнгүүлээд л байна, нөгөөтэйгүүр тэр ирсэн спамтай зууралдах нь өөрөө хамгийн ядаргаатай зүйл. Хэрэглэгч хүсээгүй байхад спам мессежээр бөмбөгдөөд байхыг нь хууль эрх зүйн талаасаа зөвшөөрсөн ч юм уу, зөвшөөрөөгүй ч юм уу бүү мэд.

Ер нь хүн өөрөө хүсвэл тэр мэдээллийг хайж олоод үзнэ биз, хүсээгүй байхад тэрүүгээр учир зүггүй бөмбөгдөх нь хамгийн утгагүй. Гол нь олоод үзэх боломжийг нээлттэй үлдээвэл болоо. Бусад нь хэрэглэгчийн өөрийнх нь асуудал баймаар.

Харин саяхан твийтерийн жиргээчид энэ талаар шүүмжлэлтэй нь аргагүй жиргэцгээж байна. Жиргээн дундаас мобигийн спамыг утсан дээрээ хүлээж авмааргүй бол 522 дугаар уруу Off мессеж илгээдгийг мэдэж авлаа. Тэгээд ямар ч байсан мобигоос утсан дээрээ нэг ч гэсэн спам ирэхийг зогсоов. Зүй нь анхнаасаа тохиргоо (default) нь Off байх ёстой баймаар. Харин энэ спамыг яаж зогсоохыг мэдэхгүй бөмбөгдүүлж байгаа нь хичнээн байгаа бол? 

2010-10-17

Кофе бидэн хоёр


Кофе бол миний хувьд сэргээш болжээ. Энэхүү сэргээшт би гэдэг хүн дурлаж ороод бараг арваад жил болчихож. Анх оюутан болж хөдөөнөөс хотод ирсний дараахан хамаатныхаа нэгэн айлд анх амталж үзээд. Нэг тийм түлэнхий ч юм шиг, нялуувтар их л сонин амттай байж билээ.  Тэрнээс хойш толгойгоо сэргээх үүднээс өдөрт ганц нэгээр нь хаан, үе үе өөр юу ч билээ жижиг ууттай кофенуудыг амтархан уусаар сургууль төгсөхөд анх амталж байснаа бодвол хэд хэдэн янзаар нь кофег уугаад, сайн муугаар нь ялгаж, голж шилдэг архаг маягийн кофечин болчихож.

Ажилд орлоо. За бүр их кофенд орж байгаан байлгүй хар нунтаг кофег элсэн чихэртэй хамт өдөрт хэд хэдэн удаа найруулж уудаг боллоо. Тэр үед сүү хийхгүй ээ, сүү хийвэл амт нь сулраад байх шиг. Өмнөх ууж байсан кофенууд нэг л тиймхэн, сулавтар байж гээд л. Ямар сайндаа нэг өдөр аяганыхаа цагаан дотрыг кофены зузаан гэх чинь өнгөр тогттол ууж байгаагаа анзаарч билээ.

За ер нь кофе хэт их ууж байна, эрүүл мэндэд ч муу, би кофег удирдах юм уу, кофе намайг удирдах юм уу гэж бодоод кофеноос татгалзахаар шийдлээ. Кофег өдөрт ганц уудаг боллоо, бүр уухаа болиод нэлээд хэсэг хугацаа болсон. Найзууд маань тамхинаас гарсаан огт татахгүй л байгаа гэдэг, тэгсэн хэсэг хугацааны дараа орчихсон л байдаг. Яг тэрэн шиг би ч гэсэн гарсан шигээ буцаад нэг л мэдэхэд кофендоо орчихсон байсан, өмнөхөөсөө бүр илүү уудаг болсон. Харин тамхийг бол хэрэглэдэггүй, утаанд нь ч дургүй нэгэн.

Одоо ажил дээрээ өглөө ирээд юун түрүүнд кофегоо л ууна. Кофегоо уухгүй бол нэг л тиймхэн, нөгөө бие организм нь шаардаад ч байгаам уу, толгой ч ажиллахгүй, ажил ч олигтой явахгүй байгаа мэт. Харин халуун кофегоо сайхан амталж уугаад, сайхан эрч хүч аваад ажлаа эхлэхэд шал өөр шүү. Ер нь бол юун жүүс, юун кола, юун пийв...  миний хувьд кофе бол  жинхэнэ шидэт ундаа. 

Ингээд кофе бидэн хоёрын анх эхэлсэн дурлал цааш, яаж өрнөж, хэр удахыг би таашгүй. Кофе намайгаа хаядаггүй л юм бол, би кофегоо хаях шинжгүй ээ.

За нэгэн сайхан халуун кофе уучихья байз.

2010-10-14

Програм тестлэгч...

Урьд Богд хаан хоол цайгаа зооглохын өмнө тэр хоол цайг нь амталж шалгадаг хүн байсан бөгөөд мань хүн амт гэхээсээ гол нь хоол цайнд хор байна уу гэж өөрийнхөө бие дээр “тест” хийдэг “тестлэгч” байж л дээ.  Тэр “тестлэгч” тэр ажлаасаа өөр зүйл хийхгүй зөвхөн тэр хоол цайны дээжийг амталж идээд хордож үхэх аюулаас хаантанаа хамгаалдаг маш чухал хүн байсан байхын.

Харин миний ярих гээд байгаа тестлэгч бол орчин цагийн програм тестлэгч юм. Програм тестлэгч нь гаргасан дизайн шаардлагын дагуу  програм нь зөв ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг шалгадаг, алдааг нь илрүүлдэг, алдаа нь засагдсан хойно дахин шалгадаг маш хариуцлагатай ажилтан байдаг. Хэрэв програм буруу алдаатай ажиллавал их бага ямар нэг хэмжээр хөрөнгө мөнгө, цаг хугацаа, сэтгэл санааны хохирлыг учруулдаг.

1985-1987 онд Thereac-25 маркийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн програм хангамжийг туршлагагүй залуу програмист алдаатай бичсэнээр хурдасгагчаар туяаны шарлаганд орж байсан хүмүүс үхэлд хүргэх хэмжээний туяаны хордлого авчээ. Үүнээс болж 5 хүн нас барж, олон хүн гүн хордлогонд орсон байна. Саяхан 1996 онд Европын эрдэмтэдийн хөөргөсөн Ariane-5 сансрын хөлөг хөөрснөөсөө хойш 40 секундын дотор мөн л програм хангамжийн алдаанаас болж сүйрсэн ийм жишээнүүд олон байдаг.

Ер нь програм цаашаа эцсийн хэрэглээнд орохын тулд дараагийн алхамаа хийх үү үгүй юу гэдэг виза өгдөг хүн бол тестлэгч гэж боддогийн. Виза өгөөгүй буюу алдаатай, алдаа нь засагдаагүй, бүрэн шалгаж тестлэгдээгүй програм цаашаа хэрэглэгч үрүү очно гэж бодохын ч хэрэггүй. Харин хэрэглэгч дээр очсон хойно програм дээр алдаа гарвал хамгийн эхний хариуцлага тестлэгч дээр ирдэг. Мэдээж гарах байсан алдааг гаргаж илрүүлж чадаагүй байна гээд л.

Нөгөөтэйгүүр туршлагатай, чадвартай тестлэгч нь туршлагагүй, чадвар тааруухан шинэхэн программистуудаас илүү түшигтэй бөгөөд  тэдгээр програмистуудад ташуур өгөх үедээ ташуур өгөөд, татах үедээ татаад гайгүй програмист болоход нь ихээхэн нэмэр болдог.  Дандаа чадвартай програмист, чадвартай тестлэгчтэй байвал чанартай програмыг богино хугацаанд бүтээхэд нэн дөхөмтэй, сайхан л байхсан.  Даанч ховор байх юм даа. За тэгээд тааруухан тестлэгч нар байхад програм тестлэхэд шаардлагатай багаж, зэвсэг болсон сайхан програмуудыг чадварлаг ашиглахаас гадна тестлэх програмдаа  тааруулаад тест хийдэг програм өөрөө хийгээд гар ажиллагаагаа хөнгөвчилчихдөг чадвартай тестлэгч ч бас олон байна.

Майкрософтод MSOffice програм дээр ажилладаг нэгэн андыгаа ноднин ирэхэд сонсож байсийн. Юу гэвэл тэднийх програмыг тестлэхэд нэг програмистад хоёр тестлэгч ноогдох тооны харьцаатай байдаг гээд.  Тэгэхээр програмын тест, тестлэгч  гэдэг маш чухал байр суурь эзэлж байгаа биз. Манай Монголын маань програм хангамж үйлдвэрлэгч компаниудад ч гэсэн чадвартай програм тестлэгч нар ч маш олон болно гэдэгт итгэж байна.



2010-10-10

Би хүн шиг л хүн байхыг хүснэ

Компьютер дээрх хуучин файлуудаа цэгцэлж байх нь ээ ноднин Цэгмээ андын блог дээр  олуулаа нийлж "Би хүн шиг л хүн байхыг хүснэ" гэсэн шүлэг бичихээр болоод түүнд нь миний оруулж байсан хэдэн мөртэй файл гараад ирлээ. Бусад мундагуудын оруулсан шүлгүүдийн хажууд минийх ч шүлэг гэхэд хэцүү л байсан санагдаж байна. Гэхдээ яахав оргүйгээс охинтой гэж тэр үед ингэж бичжээ.

Би хүн шиг л хүн байхыг хүснэ
Уусан ч найр тараахгүй
Уурласан ч зодоон хийхгүй
Уйдсан ч интернэтээ мартахгүй
Уралдсан ч түрүү алдахгүй

Магтсан ч хамраа сөхөхгүй
Муулсан ч гутлаа ширтэхгүй
Мөрөөдсөн ч мөнгө төлөхгүй
Махийсан ч нуруу алдахгүй

Өөрөө шатаж өөрийлийг дулаацуулсан
Би хүн шиг л хүн байхыг хүснэ

2010-10-06

Жиргэнээ гэж ...


За би гэдэг хүн нэг л их завгүй юм шиг явсаар блогтоо тоотойхон удаа салхи оруулж бичлэг нэмсэн байх юм. Харин унших дуртай блогуудаа бол байн байн шалгаад шинэ бичлэгүүдийг нь уншчихаад байдаг нөхдийн нэг бол би юм байна.

Хаяа толгойд эргэлдсэн эрээвэр хураавар бодлоо оруулмаар их санавч тэгээд л оруулахгүй орхичихно. Яав гэвэл энэ удаа завгүй байлаа дараа удахгүй оруулнаа л гэж өөрийгөө молигдсоор өдий хүрчээ. За тэгээд нөгөө бодлууд нь өөр бодлуудтай нийлээд нэг л мэдэхэд замхарч одно.

Нөгөөтэйгүүр блог бичихээсээ илүү бичил блог буюу твийтэр (twitter)-ээр блогдоод бүр дасал болжээ. Твийтерийг энгийнээр хэлвэл түүнд бүртгэгдсэн хэрэглэгчийг жиргээчин, тэр жиргээчиний оруулсан бичил блог буюу текстийг жиргээ гэх юм. Нэг удаагийн жиргээний урт 140 тэмдэгтээс хэтрэхгүй.  Энэ твийтер гэдэг ертөнцийн хүн ам нь газар зүйн байрлал хамаарахгүйгээр 10 сая (манай  улсын хүн амаас бараг 3 дахин олон) жиргээчинтэй болчихож.

За тэгээд жирийн нэг сурагч, оюутанаас авхуулаад манай их хурлын гишүүд, ерөнхийлөгч, нөгөө америкийн ерөнхийлөгч Обама хүртэл өөр өөрийн өнгө хоолой, үзэл бодол, сайхан муухай, урт богино жиргээгээр дагуулж болон дагаж жиргэх юм. Би өөртөө таалагдсан сонирхолтой санагдсан жиргээчиний  жиргээг дагаж жиргэх буюу жиргээг нь байнга уншина буцаад хариу жиргэж болно. Эсрэгээр миний жиргээ бусдад таалагдвал тэдгээр жиргээчид намайг дагаж жиргэнэ.

Би гэдэг жиргээч одоогоор 479 жиргээчинг дагуулж, 474 жиргээчинг дагаж, 337 удаа жиргэсэн байх юм.  Гэтэл энэ цаг үеийн хөгжимийн ертөнцөд од болоод нөгөө Лэйди Гага 6,640,423  жиргээчинг дагуулж, 147,308 жиргээчинг дагаж, 506 удаа жиргэснээр хамгийн олон жиргээчинг дагуулж бас л твийтерийн ертөнцөд од болж байна.

Ер нь нөгөө “дэндүү давчуу”, “дэндүү завгүй” болсон энэ нийгмийн амьдралд хамгийн богино хэмжээтэйгээр хамгийн гол мэдээллээ бусдад түгээх, эсрэгээр гол хэрэгтэй мэдээллээ бусдаас олж авах боломжийг олгосон нь твийтерийн ертөнцийн гайхамшиг юм уу даа. Манай бизнесийн нөхдүүд бараа бүтээгдэхүүн, бизнес үйлчилгээгээ суртчилаад, улс төрч нөхдүүд эрдэнийн, эх орны хувь хишиг, нөгөө оюу толгой таван толгой гээд твийтрээр нэг жиргэж байна. Байх л зүйл, твийтер бол цахим бас чөлөөт ертөнц.

Эцэст нь хэлэхэд жиргээчин болоогүй бол хурдхан жиргээчин болоорой!