2010-10-31

Ааваа, би ээжийнхээ гэдсэнд яаж орчихсон юм бэ?

Өчигдөр орой гэртээ хариад сууж байтал манай хүү (5 настай) бид хоёрын дунд хорвоотой танилцах бяцхан яриа өрнөж, хүү маань надаас асуултууд асуулаа.



Q1:
- ...
- Ааваа саран дээр пенгвиний амьдардаг газраас (антарктидийг хэлдэгийн) илүү хүйтэн үү?
- Саран дээр илүү хүйтэн.
- Яагаад? Саран дээр нар тусдаггүй юм уу?
...

Q2:
- ...
- Би ээжийнхээ гэдсэнээс гарсан тээ?
- Тиймээ.
- Ааваа, тэгвэл би ээжийнхээ гэдсэнд яаж орчихсон юм бэ?
- ...

Q3:
- ...
- Миний хүү хоолоо сайн идвэл хурдан том болоод баатар (өөрөө том болоод баатар болно гэж ярьдгийн) болно шдээ.
- Ааваа, би ээжийнхээ гэдсэнд байхдаа хоол иддэг байсан уу?
- Иднэ иднэ (юм бодолгүй хариулчихлаа)
- Гэдсэнд хоол байдаг юм уу? Аан, ээжийн идсэн хоолноос иддэг байсан байна.
- Аанхаа
- Тэгвэл би гэдсэнд байхдаа яаж бие засдаг байсан бэ? Ээжийн гэдсэнд жорлон байхгүй ш дээ?
- ...

Q4:
- ...
- Ааваа хүн яагаад хөгширдөг юм?
- Миний хүү яагаад тэгж бодов?
- Би эмээгээ хөгшин болгомооргүй байна. Одоо байгаа шиг нь дандаа байлгамаар байна? Болох уу?
- ...
Гэх мэтчилэн хүндхэн "шалгалтын" асуултуудыг манай хүү надад тавьж, би "шалгалтанд"  арай ч уначилгүй гарлаа. Ер нь хүүгийнхээ асуултанд хариулт өгөхгүй байх, худлаа хариулах,  хариултыг нь тоглоом болгох эсвэл асуултаас нь булзахаас зайлс хийж аль болох асуулт, яриаг нь дэмжиж сонирхолтой өрнүүлэхийг хичээдэг.

Харин дээрх асуултууд нь гэнэн хэрнээ надад маш хүнд асуулт байлаа. Учир нь хүүгийнхээ нас, сэтгэхүйд нь тааруулж товчхон хэрнээ энгийн ойлгомжтой хариулж, тайлбарлах гэж хөөрхөн л юм боллоо. Үеийн найзуутайгаа ярьдаг шиг шашин, шинжлэх ухаан, гүн ухааны тийм тийм тайлбараар тэгдэг гэж ном хаялцаж ярих бус тэдгээрийг хүүхдийн сэтгэхүйд тааруулан хялбаршуулж, бодит үнэн хэрнээ энгийн хариулт өгөх нь өөрөө хэцүү зүйл юм. Ганц нэг асуултанд нь нөгөө Алангуа эхийн хэвэлд шар гэрэл тусч хөл хүндтэй болдог гэж Нууц товчоонд гардаг шиг мэддэг хэдэн домог, үлгэрийн дүрслэлийг оруулж хариулт өглөө.

Хүүхдийн эдгээр гэнэн асуултаас лавшруулан бодвол одоо хүн төрөлхтөн хөгжөөд л байна гэдэг. Гэтэл хүний хөгширөлтийг зогсоох арга битгий хэл, ер нь онлын хувьд тийм байх боломж байгаа юу? Хүн эхийн хэвлийд бүрэлдэхдээ зөвхөн бодгаль буюу материаллаг байдлаар бүрэлддэг үү, эсвэл оюун сэтгэхүй, нөгөө сүнстэй хамт бүрэлддэг үү? Сүнстэй бол тэр сүнс хаанаас бий болж хаана очдогийг хүн төрөлхтөн мэдсэн үү? Далай лам, хутаг хувилгаадын сүнс, далд дээд оюун санаа нэг бодгалиас нөгөө бодгальд шилжин хүн болж төрдөг нь үнэхээр үнэн үү? гэх мэтчилэн хүн төрөлхтний хайгаад байгаа асуултууд өрнөх байхдаа. Харин хариулт нь?

No comments:

Post a Comment