2010-10-17

Кофе бидэн хоёр


Кофе бол миний хувьд сэргээш болжээ. Энэхүү сэргээшт би гэдэг хүн дурлаж ороод бараг арваад жил болчихож. Анх оюутан болж хөдөөнөөс хотод ирсний дараахан хамаатныхаа нэгэн айлд анх амталж үзээд. Нэг тийм түлэнхий ч юм шиг, нялуувтар их л сонин амттай байж билээ.  Тэрнээс хойш толгойгоо сэргээх үүднээс өдөрт ганц нэгээр нь хаан, үе үе өөр юу ч билээ жижиг ууттай кофенуудыг амтархан уусаар сургууль төгсөхөд анх амталж байснаа бодвол хэд хэдэн янзаар нь кофег уугаад, сайн муугаар нь ялгаж, голж шилдэг архаг маягийн кофечин болчихож.

Ажилд орлоо. За бүр их кофенд орж байгаан байлгүй хар нунтаг кофег элсэн чихэртэй хамт өдөрт хэд хэдэн удаа найруулж уудаг боллоо. Тэр үед сүү хийхгүй ээ, сүү хийвэл амт нь сулраад байх шиг. Өмнөх ууж байсан кофенууд нэг л тиймхэн, сулавтар байж гээд л. Ямар сайндаа нэг өдөр аяганыхаа цагаан дотрыг кофены зузаан гэх чинь өнгөр тогттол ууж байгаагаа анзаарч билээ.

За ер нь кофе хэт их ууж байна, эрүүл мэндэд ч муу, би кофег удирдах юм уу, кофе намайг удирдах юм уу гэж бодоод кофеноос татгалзахаар шийдлээ. Кофег өдөрт ганц уудаг боллоо, бүр уухаа болиод нэлээд хэсэг хугацаа болсон. Найзууд маань тамхинаас гарсаан огт татахгүй л байгаа гэдэг, тэгсэн хэсэг хугацааны дараа орчихсон л байдаг. Яг тэрэн шиг би ч гэсэн гарсан шигээ буцаад нэг л мэдэхэд кофендоо орчихсон байсан, өмнөхөөсөө бүр илүү уудаг болсон. Харин тамхийг бол хэрэглэдэггүй, утаанд нь ч дургүй нэгэн.

Одоо ажил дээрээ өглөө ирээд юун түрүүнд кофегоо л ууна. Кофегоо уухгүй бол нэг л тиймхэн, нөгөө бие организм нь шаардаад ч байгаам уу, толгой ч ажиллахгүй, ажил ч олигтой явахгүй байгаа мэт. Харин халуун кофегоо сайхан амталж уугаад, сайхан эрч хүч аваад ажлаа эхлэхэд шал өөр шүү. Ер нь бол юун жүүс, юун кола, юун пийв...  миний хувьд кофе бол  жинхэнэ шидэт ундаа. 

Ингээд кофе бидэн хоёрын анх эхэлсэн дурлал цааш, яаж өрнөж, хэр удахыг би таашгүй. Кофе намайгаа хаядаггүй л юм бол, би кофегоо хаях шинжгүй ээ.

За нэгэн сайхан халуун кофе уучихья байз.

2 comments:

  1. nice bi bas negiig uuhaar gal togooruugaa...

    ReplyDelete
  2. Кофе эрүүл мэндэд их хэмжээгээр уувал л хортой байх. Харин өдөр бүр 2-4 аяга чихэргүй хар кофе уувал цус харвалт болон хавдраар өвчлөх нь огт уудаггүй эсвэл бага уудаг хүнтэй харьцуулахад бага байгаа нь батлагдсан. Энэ онд Японд албан ёсоор мэдээллэсэн тул кофегоо уугаад байгаарай.

    ReplyDelete