2011-07-04

Цаг нь болохоор


Америкийн баян бизнесмен залуу томилолтоор Мексикийн нэгэн хөдөөний тосгонд очжээ. Боомтоор өнгөрч явтал жижиг завиа загасаар дүүргэсэн загасчин түүний анхаарлыг ихэд татав. Ихэд сонирхон очоод “Сайн байна уу? энэ загаснуудыг барихад та хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?” гэж асуув. 

Тэгэхэд загасчин нэг, хоёр цагийн дотор л барьсан гэв. Тэгээд яагаад дахин хэдэн цаг суугаад өшөө олон загас барьж болохгүй вэ гэхэд загасчин барьсан загас нь түүний гэр бүлийг тэжээхэд хангалттай гэж хариулав.

Бизнесмен залуу сониуч зангаар загасчныг бусад цагаараа юу хийдгийг нь асуув. Загасчин: Өглөөгүүр бага зэрэг загас барьдаг. Дараа нь хүүхдүүдтэйгээ тоглож тэдэндээ цаг гаргадаг. Өдөр болоход эхнэртэйгээ хамт үндэсний бүжиг бүжиглэдэг. Тэгээд орой болоход найзуудтайгаа гитар тоглож цагийг зугаатай өнгөрөөдөг. Зай завсаргүй л өдрийг өнгөрөөдөг дөө залуу минь гэв. Тэгэхэд залуу:

- Би Харвардад магистр дүүргэсэн. Чамд тусалж чадна шүү. Загас барихдаа илүү цаг зарцуулж бүр том онгоцыг дүүргэх хэрэгтэй. Одоо олдог орлогоороо арай том завь аваад богино хугацаанд загас агнуурын аж ахуйн эзэн болж болно. Иймэрхүү байдлаар барьсан загасаа зүгээр ирж авах хүмүүст бус бөөнөөр нь авдаг байгууллагад зарчихна. Тэгээд өөрийн гэсэн загасны фермтэй ч болохыг үгүйсгэхгүй шүү дээ.

Загасчин бодлогширон “тэгвэл саяын чиний ярьсныг хийхэд хэдэн жил зарцуулах вэ?” гэж асуув. 15-20 жил гэж залуу хариулав. Тэгээд дараа нь яах вэ гэж загасчин сонирхов. Бизнесмен залуу инээмсэглэснээ “одоо хэлэх зүйл маань хамгийн чухал хэсэг нь. Цаг нь болохоор байгуулсан компанийхаа хүрээг тэлж хувьцаа гарган их мөнгө олж болно. Богино хугацааны дотор баяжиж саятан болно шүү дээ” гэв. Загасчин:”ммм... тэгээд дараа нь?” гэж асуулаа.

 “Яах юу байхав, дараа нь тэтгэвэртээ гар. Насны эцэст жижиг тосгонд суурьшиж аваад хүсвэл дуртай үедээ загас барьж, эхнэртэйгээ бүжиглэж, хүүхдүүдтэйгээ тоглон орой нь нөхөдтэйгээ гитардаж, дуулж, хуурдаж тоглож яагаад болохгүй гэж. Гайхалтай биш гэж үү гэхэд загасчин:

- Мэдээж сайхан байлгүй яахав. Таныг харахад тэгээд би юу хийж байх шиг байна? гэжээ.


1 comment:

  1. хаха ямар инээдтэйбэ нээрээ бид өөрсдийнхөө амьдралыг дэмий мөнгөний төлөө өнгөрөөгөөд байдаг шүү ххэхэ

    ReplyDelete