2011-01-08

Удирдагч


Удирдагч бол
    -  гишгэх газаргүй ширэнгэн ойд бусдынхаа урд гарч, зам гаргадаг зоригтон
    -  алдаа, хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхээр дуудагдсан сэтгэгч
    -  хоцрогдол, өөрчлөлт, сорилтыг ялан дийлэхээр томилогдсон жанжин
    -  сайн сайхан амьдралд учран золгуулдаг халамжилан хүмүүжүүлэгч
    -  шинэ ирээдүйг бүтээн байгуулдаг инженер
    -  өрөөлийн төлөө гэрэлтэн өөрийгөө элээх Лаа. 

Тухайн орчин (хүний өөрийн, гэр бүлийн, ажил мэргэжлийн, нийгмийн орчин)-доо санааг үйлс болгох, үнэлэмжийг тогтоох шийдвэрийг гаргаж, асуудлыг шийдэж, бусдад нөлөөлж байгаа бол Та - Удирдагч. 

Алдаа гарвал удирдагчийнх байдаг. Амжилт олбол бусдынх байдаг. Агуу байдлынхаа төлөө тэд хариуцлага гэдэг төлбөрийг төлдөг. Удирдагч гэдэг техник чадвараас илүү зан чанарын, бие бялдарын хөгжлөөс илүү ёс суртахууны хөгжил шаарддаг, биеийн хүчний биш оюуны ажил. Удирдлага бол үр дүнтэй өөрчлөлтийн төлөөх санаачилга, интеграци, зориулалтын Төгс Холбоо бас маш их Хайр. 

Дүүрэн хүнтэй автобусанд шахцалдан явахад хөдөлж ч болохгүй, тээртэй байдаг. Үүнтэй адилаар, Хувь хүн өөрийн аминч үзлийн хязгаарлагдмал орон зайг орхин гарч, нинжин сэтгэлийн тэнүүн орон зайг эзэгнэхээс нааш амьдрал нь эхлэдэггүй, амьд л оршдог. 

Хайр энэрэл, хүнлэг сэтгэл, ёс суртахуун, мэргэн ухаан удирдагчийг сонгох, удирдагчийг дагах хамгийн гол шалгуур. Удирдагч хувиа хичээхээ болих хүртэл, хэр их халамжилж байгааг мэдэх хүртэл удирдагчийн хэр их мэддэг, юу чаддаг, ямар баян нь бусад хүмүүст ач холбогдолгүй. 

Удирдлагын хөгжил тухайн гэр бүл, хамт олон, байгууллага, улс нийгмийн хөгжлийн хил хязгаарыг тэлдэг бөгөөд үргэлж суралцан, өөрийгөө хөгжүүлдэг удирдагч л сайнаар зогсохгүй агуу удирдагч байж чаддаг. Сайн удирдагч бусдыг хүссэн газарт хүргэж өгдөг бол Агуу удирдагч бусдыг хүрэх ёстой газарт нь хүргэж өгдөг. Сайн хангалттай биш бөгөөд Агуу-гийн хамгийн том дайсан. 

Босс бол бүгдийг буруутгадаг, бүгдийг мэддэг, ажлыг хүнд болгодог, зөрчлийг гааруулдаг, айдсаар удирддаг, авилгал авдаг, өөрийгөө өргөмжилдөг, өөрчлөгдөн хөгждөггүй, Яв гэдэг бардам нэгэн.

Удирдагч бол задлан шинжилдэг, асуудаг, ажлыг амар болгодог, зөрчлийг шийдвэрлэдэг, урмаар удирддаг, боломж олгодог, бусдаар өргөмжлүүлдэг, үргэлж суралцдаг, Явцгаая гэдэг даруу нэгэн. 

Нисч байгаа онгоцноос доошоо харахад газарт байгаа хүнээс илүү том зураг хардаг шиг стратеги сэтгэлгээ одоогийн байдал, бизнесийн амжилтаа дээд хэмжээнд нь тултал хөгжүүлэх чин хүсэл, эрхэм зорилго, түүнд хүрэх арга замын талаар илүү их мэдээлэл, илүү тод алсын харааг өгдөг. Удирдагч ухаалаг сэтгэгч байх ёстой ажээ. 

Бүх удирдагч эрх мэдлийн доор байдаг. Удирдуулж чаддаг хүн удирдагч болж чаддаг. Дагалдагчгүй удирдагч гэж байхгүй. Удирдагчгүй дагалдагч гэж байхгүй. Билэг авъяастай удирдагчийг дагалдагчийн тоогоор биш төрүүлсэн удирдагчийн чанараар үнэлдэг. Удирдагчийн чанарыг тавьж байгаа шаардлагаар нь дүгнэдэг. 

Алив ажил нэг төрлийн тэмцээн. Тэмцээнд шилдэг дасгалжуулагчтай, шилдэг тоглогчтой төдийгүй, шилдэг тоглогчоо тогтоон барьж чаддаг баг ялдаг. Тоглолтонд нэг хүн бүгдээс хүчтэй байдаггүй тул бөмбөгөө дамжуулдаг, эрх мэдлээ хувиарладаг. Хамтарч ажиллах нь тухайн баг, байгууллага, улс төрийн хүчний амжилтийн түлхүүр байдаг. Агуу байдал нь хүчтэй байхыг биш, хүч чадлаа зөв удирдахыг хэлдэг ажээ. 

Удирдагчид түүхийг бүтээж, амьдарч буй орчин, улмаар нийгмээ өөрчилдөг. Удирдагчид уур амьсгалыг чиглүүлэн, соёлыг тогтоож, цоо шинэ эрин үеийг авчирдаг. Удирдагчид өөрийгөө төдийгүй өрх гэр, байгууллага, орон нутаг, улс орон, улмаар дэлхийг удирддаг. Дэлхийн түүх удирдагчдийн Намтар байдаг. 

УДИРДАГЧИДАА ХҮНДЭЛЬЕ, ХӨГЖҮҮЛЬЕ, ЗӨВ СОНГОЕ! 

Зохиогч Л.Энхцог 


4 comments:

  1. Чи Төв аймгийнх уу

    ReplyDelete
  2. БарБагш аа, би Төв аймгийнхаа :)

    ReplyDelete
  3. Харин нөгөө ангийн хүү харагдлааа

    ReplyDelete
  4. Өө, барбагш -тай нэг нутаг, сургууль байхнь ээ. Хаягаа солилцоод хууч хөөрвөл минийх: unuruu7899@yahoo.com шүү

    ReplyDelete