2010-12-31

Шинэ Жилийн Мэнд Хүргэе!


Миний энэхүү бяцхан тэмдэглэлээр саатан морилдог эрхэм танд ирж буй шинэ жилийн мэндийг хүргэж, 2011 онд та болон таны гэр бүл дүүрэн жаргалтай, түвшин билэгтэй байхыг хүсэн ерөөе!

Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж

Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэлэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай!

2010-12-19

1 грамм = 6 тонн


Тун удахгүй цахилгаан эрчим хүчний бас нэгэн эх үүсвэр 5-р ДЦС (Дулааны Цахилгаан Станц) Улаанбаатарын ойролцоо баригдаж эхлэнэ гэсэн мэдээлэлтэй дэлгэрэнгүй ярилцлагыг хариуцах яамны нэгэн том албан тушаалтан “Өнөөдөр” сонинд өгсөн байна. Үүнийг уншаад Улаанбаатараа нэмж угааржуулья гэж надад ойлгогдлоо.

2010-12-13

Шилдэг 10 технологийн хэрэгсэл


Удахгүй 2010 он улирч шинэ он гарах дөхөж байна. Энэ мөчид "Time" сэтгүүл 2010 оны шилдэг технологийн 10 хэрэгсэлийг нэрлэжээ.

Манай Монголчууд ч бас дэлхийн хөгжилөөс хоцролгүй шинэ технологийн хэрэгслүүдийг  ашигладаг бөгөөд миний мэдэхээр Apple-ын iPhone, iPad -ыг түгээмэл хэрэглэж харагддаг.

Ер нь техник технологийн хувьд 2010 он бол Apple компаний тэр тусмаа энэ компанийг удирдаж буй Стийв Жобсын гялалзсан амжилтын он болсон гэдэгт бүрэн итгэлтэй байгаа шүү.

За ингээд 2010 оны шилдэг арав:

2010-12-10

2 цагийн дараа ...


Өчигдөр www.tedy.mn –ээс нэгэн шинэ мобигийн дугаар худалдаж авлаа. Монголынхоо электрон худалдааны сайтаас анх удаа худалдан авалт хийж байгаа маань энэ. Тэдигийн энэ электрон худалдааны вэб сайт нь хэрэглэхэд боломжийн бөгөөд үйлчилгээ нь ч дажгүй юм .

Худалдаж авсан дугаарыг минь удалгүй авчраад өгчиж байна. Дараахан нь төд удалгүй бас  нэг шингэн хоолойт над уруу залгаад дугаараа хүлээж авсан уу, хэдэн цагт авсан бэ, үйлчлүүлсэнд баярлалаа гээд эргэх холбоотой байнаа. Гадаа ийм хүйтэнд нааш, цааш явж замд түгжирч цаг алдахгүй, ер нь тун дажгүй, таалагдсан шүү.

Харин худалдаж авах явцад онлайнаар төлбөрөө төлөхөд бяцхан хүндрэл гарав.

2010-11-28

Хүмүүс ХАЙРЛУУЛАХ гэж хорвоод ирдэг


Дээр нэгэн  сургамжит бичлэг олж уншаад, тэр үед нь оруулах гэж бодсон боловч  амжилгүй явсаар өдий ч хүрч, сая л орууллаа. Энэхүү бичлэгт хүн гэдэг амьтан хүн хүнээ хайрлахаас илүүтэйгээр хөрөнгө мөнгө, эд агуурсын төлөө өдрийн бодол шөнийн зүүд болон зүтгэж, түүнээс урган гаргах уур уцаар, үйл лай нь одоо цагт  ямар болоо вэ гэдгийг жишээ болгон өгүүлжээ. Бодож, тунгаах л зүйл… Доор өгүүлсүй:

2010-11-26

November 26. 2010

86 жилийн өмнөх тэртээд энэ л өдөр Монгол улс түүхэндээ анх удаа  үндсэн хуультай  болж, Бүгд найрамдах  улсаа тунхагласан болой.

Өнөөдөр ямар нэгэн сайхан дуу оруулмаар санагдаад Отгонжаргалын дуулсан “Өнө мөнх орон” дууг оруулчихлаа. Сонсох тусам гайхалтай, тасархай дуу шүү. Харин найзууд амралтын өдрөө сайхан өнгөрүүлцээрэй!

Яруу сайхан үгсийг
Яг нулимс шиг аяар өлгийдөхөөр
Хүний сэтгэлийг ингэтэл хөдөлгөдөг ажээ. Б.Батзаяа




Шүлэг: Л.Өлзийтөгс
Ая: Б.Шарав "Сэтгэлийн эгшиг"
Дуучин:  Д.Отгонжаргал

Өнө мөнх орон

Та зүрхэнд мөнх...
Тэв тэнүүн нутаг минь
Тэртээ үүлсэд хөхрөх
Тэгш дүүрэн тэнгэр минь
Тэнгэрийн орон...

Та харцанд ч мөнх...
Цэв цэнхэр нутаг минь
Цээжний гуниг арчих
Цэвэр ялдам салхин минь
Салхины орон...

Та зүрхэнд мөнх...
Харцанд мөнх...
Зүүдэнд ч мөнх...

Хүүгээ дуудсаар...
Алсаас уулсаар даллан
Аниргүйхэн талаар даллана
Хүрээд ир гэж аав шиг дуудна
Хүүг минь өршөө гэж ээж шиг хурайлна
Эх орон...

Та үргэлж мөнх...
Энх саруул нутаг минь
Эвийн хайраар эвлэх
Ээжийн дүр шиг мөнх орон
Өнө мөнх орон...
Өнө мөнх орон...

2010-11-21

Сонсдог ном


Сонсдог номыг та ашигладаг уу? Харин миний бие саяхнаас ашиглаж эхэлсэн бөгөөд өөрт төрсөн санал бодлоо хуваалцахаар шийдлээ. Юуны өмнө нэгэн зүйлийг сануулья. Тамирын голын тос даасан баян Итгэлт, шилийн сайн эр засагт хааны Цахиур Төмөр,  түүний дүү Эрдэнэ, ахаа намайг бодоорой гэдэг “Хоовон Хөх” Хонгор гээд л гардаг уран сайхны кино байдаг даа, нэрийг нь санаж байна уу?

2010-11-14

ТООЛОГДОВ


“Хүмүүнд төр эрхэм, Төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриатай хүн ам, орон сууцны 2010 оны тооллого орон даяар энэ өдрүүдэд явагдаж байна. Тооллого дуустал энэ уриаг агуулсан мессеж гар утсан дээр минь нэлээд ирж, хөөрхөн хэдэн спам болох нь. Анх Богд хааны зарлигаар 1918 онд тооллого явуулж, Монголын хүн ам 647,500 гэж тоолсноос хойш энэ удаагийн тооллого 10 дахь тооллого нь болж байгаа юм байна.

Манайх гэртээ энэ тооллогод хамрагдаж гэр бүлээрээ бүртгүүллээ. Харин аав маань хөдөө аймагтаа тооллогын комисст орчихсон их л завгүй байгаа сурагтай.  Тооллогод хамрагдсан том хүн, хүүхэд бүрт ялгаагүй хүн бүрт “ТООЛОГДОВ” гэсэн дээрх бичгийг олгож  байна. Энэ бичгээ үзүүлээд бусад хот, хөдөө орон нутаг уруу чөлөөтэй явж болно гэнэ. Тоолуулаагүй буюу ийм бичиггүй бол одоо байгаа суурин газраас нь гадагш гаргахгүй юм байх.


2010-10-31

Ааваа, би ээжийнхээ гэдсэнд яаж орчихсон юм бэ?

Өчигдөр орой гэртээ хариад сууж байтал манай хүү (5 настай) бид хоёрын дунд хорвоотой танилцах бяцхан яриа өрнөж, хүү маань надаас асуултууд асуулаа.



2010-10-24

Намар цаг амьдрал тэтгэх цаг

Ардын жүжигчин Зангад гуай өөрийн дуулдаг “Алтан намар” гэсэн сайхан дуундаа нэгэн сайхан клип хийжээ. Хүмүүст ч их таалагдаж байгаа бололтой. Аргагүй л дээ үг, ая нь тэр чигтээ намрын үнэртэй энэ сайхан дууг Зангад гуай дуулаад дээр нь тун дажгүй зураг авалт, зохиомжтой клип болсон болохоор хүмүүст хүрэхээс аргагүй.

Намар цаг алтан цаг,  намар цаг амьдрал тэтгэх цаг.  Энэ бол “Алтан намар” дуунд гардаг өгүүлэмж. Нээрээ л эргэх дөрвөн улирал ээлжилж намар болоход тариалангийн талбайд алтан шаргал тариа будаа халиураад л, хөдөө нутагт мал сүрэг тарга тэвээргээ авчихсан тал дүүрэн бэлчээд л, хот газар хичээл эхэлж хүүхэд, залуус сургуульдаа яваад л.  Эдгээр тариа будаа, мал сүрэг, хичээл сургууль, эрдэм боловсрол ... бүхэн амьдралыг тэтгэгч болохоор намрын улирал алтан цаг болох нь яах аргагүй үнэн билээ.

Арав дугаар сар сүүлдээ орж байхад энэ жилийн намар ч бас сайхан налайж байна. Энэ налгар сайхан намрын нэг өдөр буюу саяхан 10-р сарын 20 ны өдөр 10 цаг 20 минутад их сургуулийн найз Хишигээ маань охинтой болсон сайхан мэдээ дууллаа. Охинтой болсон нь Хишигээд маань бас л намар шиг амьдрал тэтгэсэн, алтан цаг болсон нь ойлгомжтой.

Мөн охиных нь төрсөн өдөр цаг нь ийм  тэгш тоотой давхцсаныг манай найз “би ер нь мэдрэмж сайтай даа л…”  гэж хошигнож байна лээ. Ер нь өөрөө ч бас тэрүүхэндээ хөөрхөн хошигноод  найзуудыгаа хөгжөөчихдөг нөхөр.

Их сургуулийн найзуудаас хамгийн ойр дотно байдаг найзуудын маань нэг бол Хишигээ маань. Хишгээ бид хоёр ийм л нэг намрын өдөр их сургуульд нэг ангид орцгоож анх танилцгааж байсан. Манай ангид Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, Говь-Алтай, Завхан, Төв гээд л бараг бүх аймгаас ирсэн хүүхдүүд байсан.  Хишгээ маань Увсаас ирсэн хоёр хацар нь бага зэрэг улаандуу, бор банди анх их сургуульд орж байсан нь саяхан санагдаж байна. Тэгсэн юун бор банди  одоо бол хүний нөхөр, гэрийн эзэн, хоёрын хүүхдийн аав болчихжээ. Цаг хугацаа ч хурдан давхиж байна шүү.

За тэгээд найздаа охинтой болсонд дахин баяр хүргээд "Алтан намар" дуугаар бэлэг барьчихья!




2010-10-20

Спамыг зогсоов


Спам (spam) гэдгийг цахим шуудан, мессенжер ашигладаг хүн болгон бараг мэднэ дээ. Хүсээгүй байхад чинь чам уруу ирдэг янз янзын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зар суртчилгаа, мөн хувийн мэдээллийг чинь олж авах, залилан хуурах, сэтгэл зүйн дайралт, дарамт хийсэн захиа, мессежүүдийг бид спам гэдэг.  Зарим нь ч бол бүр аймаар л даа. Чи энэ захиаг (эсвэл мессеж) тэдэн цагийн дотор тэдэн хүнд илгээхгүй бол тийм гай чамд тохиолдоно гээд л. За тэгээд энийг нь уншсан хүнд айхгүй ч гэсэн аягүй санагдана биздээ. Тэгээд нөгөө хүн цааш нь дахиад наян хүнд нөгөө спамыг нь илгээнэ. Харин  би тиймэрхүү мессежний ганц хоёр эхний үгийг нь хараад л өө нөгөөх ирж гээд л цааш уншилгүй шууд хаачихдаг. Мэйлийг нь бол мэдээж спам гээд тэмдэглэчихдэг.

Гэтэл одоо юм хөгжихийн хэрээр гар утсан дээр минь мөн л нөгөө спам мессежүүд ирдэг болсон. Ялангуяа мобигийн дугаар дээр ирдэг спам мессежүүд сүүлийн үед их олширсон, цаашид бол бүр олширох шинжтэй. Тийм компаний тийм шинэ цамц, өмд, оймс тэгж хямдарлаа, тийм шинэ кино, жүжиг тэнд гарна гээд л өглөө оройгүй, өдөр шөнөгүй намайгаа хүсээгүй байхад утсанд минь ирээд л, бөмбөгдөөд л байна. Ер нь бараа бүтгээгдэхүүн, үйлчилгээгээ мессежээр нийтэд суртчилах сонирхолтой компаниуд ч олширч байгаа бололтой. Аргагүй л дээ бусад оператороо бодвол моби хамгийн олон буюу нэг сая хэрэглэгчтэй гэдэг болохоор тэр биз. Мөн илгээсэн хэрэглэгчийн тооноосоо хамаараад мобид ч өөрт нь хэдэн зоосны ашигтай байх.

За мессеж ирлээ. Нөгөө хүлээж буй хүнээс мессеж ирж гэж бодоод үзэхэд нөгөө л спам. Нөгөө спамуудаа устгана, дахиад л маргааш нь өөр спамууд ирнэ. Сүүлдээ мессеж ирвэл нөгөө спам гуай л ирж байгаа биз гээд тоохгүй. Гэтэл жинхэнэ надад хэрэгтэй мессежээ уншилгүй өнгөрөөчихсөн байна. Мэдээж цаг үеэсээ хоцорчихсон  мессежний мэдээлэл ямар үнэ цэнэтэй байхав дээ. Гэх мэтчилэн минийхээ цагаас хумс хумсаар хумслаад, би тэрэнд нь бяцхан бяцхан дөнгүүлээд л байна, нөгөөтэйгүүр тэр ирсэн спамтай зууралдах нь өөрөө хамгийн ядаргаатай зүйл. Хэрэглэгч хүсээгүй байхад спам мессежээр бөмбөгдөөд байхыг нь хууль эрх зүйн талаасаа зөвшөөрсөн ч юм уу, зөвшөөрөөгүй ч юм уу бүү мэд.

Ер нь хүн өөрөө хүсвэл тэр мэдээллийг хайж олоод үзнэ биз, хүсээгүй байхад тэрүүгээр учир зүггүй бөмбөгдөх нь хамгийн утгагүй. Гол нь олоод үзэх боломжийг нээлттэй үлдээвэл болоо. Бусад нь хэрэглэгчийн өөрийнх нь асуудал баймаар.

Харин саяхан твийтерийн жиргээчид энэ талаар шүүмжлэлтэй нь аргагүй жиргэцгээж байна. Жиргээн дундаас мобигийн спамыг утсан дээрээ хүлээж авмааргүй бол 522 дугаар уруу Off мессеж илгээдгийг мэдэж авлаа. Тэгээд ямар ч байсан мобигоос утсан дээрээ нэг ч гэсэн спам ирэхийг зогсоов. Зүй нь анхнаасаа тохиргоо (default) нь Off байх ёстой баймаар. Харин энэ спамыг яаж зогсоохыг мэдэхгүй бөмбөгдүүлж байгаа нь хичнээн байгаа бол? 

2010-10-17

Кофе бидэн хоёр


Кофе бол миний хувьд сэргээш болжээ. Энэхүү сэргээшт би гэдэг хүн дурлаж ороод бараг арваад жил болчихож. Анх оюутан болж хөдөөнөөс хотод ирсний дараахан хамаатныхаа нэгэн айлд анх амталж үзээд. Нэг тийм түлэнхий ч юм шиг, нялуувтар их л сонин амттай байж билээ.  Тэрнээс хойш толгойгоо сэргээх үүднээс өдөрт ганц нэгээр нь хаан, үе үе өөр юу ч билээ жижиг ууттай кофенуудыг амтархан уусаар сургууль төгсөхөд анх амталж байснаа бодвол хэд хэдэн янзаар нь кофег уугаад, сайн муугаар нь ялгаж, голж шилдэг архаг маягийн кофечин болчихож.

Ажилд орлоо. За бүр их кофенд орж байгаан байлгүй хар нунтаг кофег элсэн чихэртэй хамт өдөрт хэд хэдэн удаа найруулж уудаг боллоо. Тэр үед сүү хийхгүй ээ, сүү хийвэл амт нь сулраад байх шиг. Өмнөх ууж байсан кофенууд нэг л тиймхэн, сулавтар байж гээд л. Ямар сайндаа нэг өдөр аяганыхаа цагаан дотрыг кофены зузаан гэх чинь өнгөр тогттол ууж байгаагаа анзаарч билээ.

За ер нь кофе хэт их ууж байна, эрүүл мэндэд ч муу, би кофег удирдах юм уу, кофе намайг удирдах юм уу гэж бодоод кофеноос татгалзахаар шийдлээ. Кофег өдөрт ганц уудаг боллоо, бүр уухаа болиод нэлээд хэсэг хугацаа болсон. Найзууд маань тамхинаас гарсаан огт татахгүй л байгаа гэдэг, тэгсэн хэсэг хугацааны дараа орчихсон л байдаг. Яг тэрэн шиг би ч гэсэн гарсан шигээ буцаад нэг л мэдэхэд кофендоо орчихсон байсан, өмнөхөөсөө бүр илүү уудаг болсон. Харин тамхийг бол хэрэглэдэггүй, утаанд нь ч дургүй нэгэн.

Одоо ажил дээрээ өглөө ирээд юун түрүүнд кофегоо л ууна. Кофегоо уухгүй бол нэг л тиймхэн, нөгөө бие организм нь шаардаад ч байгаам уу, толгой ч ажиллахгүй, ажил ч олигтой явахгүй байгаа мэт. Харин халуун кофегоо сайхан амталж уугаад, сайхан эрч хүч аваад ажлаа эхлэхэд шал өөр шүү. Ер нь бол юун жүүс, юун кола, юун пийв...  миний хувьд кофе бол  жинхэнэ шидэт ундаа. 

Ингээд кофе бидэн хоёрын анх эхэлсэн дурлал цааш, яаж өрнөж, хэр удахыг би таашгүй. Кофе намайгаа хаядаггүй л юм бол, би кофегоо хаях шинжгүй ээ.

За нэгэн сайхан халуун кофе уучихья байз.