Showing posts with label Юу хийж байна. Show all posts
Showing posts with label Юу хийж байна. Show all posts

2010-12-10

2 цагийн дараа ...


Өчигдөр www.tedy.mn –ээс нэгэн шинэ мобигийн дугаар худалдаж авлаа. Монголынхоо электрон худалдааны сайтаас анх удаа худалдан авалт хийж байгаа маань энэ. Тэдигийн энэ электрон худалдааны вэб сайт нь хэрэглэхэд боломжийн бөгөөд үйлчилгээ нь ч дажгүй юм .

Худалдаж авсан дугаарыг минь удалгүй авчраад өгчиж байна. Дараахан нь төд удалгүй бас  нэг шингэн хоолойт над уруу залгаад дугаараа хүлээж авсан уу, хэдэн цагт авсан бэ, үйлчлүүлсэнд баярлалаа гээд эргэх холбоотой байнаа. Гадаа ийм хүйтэнд нааш, цааш явж замд түгжирч цаг алдахгүй, ер нь тун дажгүй, таалагдсан шүү.

Харин худалдаж авах явцад онлайнаар төлбөрөө төлөхөд бяцхан хүндрэл гарав.

2010-11-14

ТООЛОГДОВ


“Хүмүүнд төр эрхэм, Төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриатай хүн ам, орон сууцны 2010 оны тооллого орон даяар энэ өдрүүдэд явагдаж байна. Тооллого дуустал энэ уриаг агуулсан мессеж гар утсан дээр минь нэлээд ирж, хөөрхөн хэдэн спам болох нь. Анх Богд хааны зарлигаар 1918 онд тооллого явуулж, Монголын хүн ам 647,500 гэж тоолсноос хойш энэ удаагийн тооллого 10 дахь тооллого нь болж байгаа юм байна.

Манайх гэртээ энэ тооллогод хамрагдаж гэр бүлээрээ бүртгүүллээ. Харин аав маань хөдөө аймагтаа тооллогын комисст орчихсон их л завгүй байгаа сурагтай.  Тооллогод хамрагдсан том хүн, хүүхэд бүрт ялгаагүй хүн бүрт “ТООЛОГДОВ” гэсэн дээрх бичгийг олгож  байна. Энэ бичгээ үзүүлээд бусад хот, хөдөө орон нутаг уруу чөлөөтэй явж болно гэнэ. Тоолуулаагүй буюу ийм бичиггүй бол одоо байгаа суурин газраас нь гадагш гаргахгүй юм байх.


2010-10-06

Жиргэнээ гэж ...


За би гэдэг хүн нэг л их завгүй юм шиг явсаар блогтоо тоотойхон удаа салхи оруулж бичлэг нэмсэн байх юм. Харин унших дуртай блогуудаа бол байн байн шалгаад шинэ бичлэгүүдийг нь уншчихаад байдаг нөхдийн нэг бол би юм байна.

Хаяа толгойд эргэлдсэн эрээвэр хураавар бодлоо оруулмаар их санавч тэгээд л оруулахгүй орхичихно. Яав гэвэл энэ удаа завгүй байлаа дараа удахгүй оруулнаа л гэж өөрийгөө молигдсоор өдий хүрчээ. За тэгээд нөгөө бодлууд нь өөр бодлуудтай нийлээд нэг л мэдэхэд замхарч одно.

Нөгөөтэйгүүр блог бичихээсээ илүү бичил блог буюу твийтэр (twitter)-ээр блогдоод бүр дасал болжээ. Твийтерийг энгийнээр хэлвэл түүнд бүртгэгдсэн хэрэглэгчийг жиргээчин, тэр жиргээчиний оруулсан бичил блог буюу текстийг жиргээ гэх юм. Нэг удаагийн жиргээний урт 140 тэмдэгтээс хэтрэхгүй.  Энэ твийтер гэдэг ертөнцийн хүн ам нь газар зүйн байрлал хамаарахгүйгээр 10 сая (манай  улсын хүн амаас бараг 3 дахин олон) жиргээчинтэй болчихож.

За тэгээд жирийн нэг сурагч, оюутанаас авхуулаад манай их хурлын гишүүд, ерөнхийлөгч, нөгөө америкийн ерөнхийлөгч Обама хүртэл өөр өөрийн өнгө хоолой, үзэл бодол, сайхан муухай, урт богино жиргээгээр дагуулж болон дагаж жиргэх юм. Би өөртөө таалагдсан сонирхолтой санагдсан жиргээчиний  жиргээг дагаж жиргэх буюу жиргээг нь байнга уншина буцаад хариу жиргэж болно. Эсрэгээр миний жиргээ бусдад таалагдвал тэдгээр жиргээчид намайг дагаж жиргэнэ.

Би гэдэг жиргээч одоогоор 479 жиргээчинг дагуулж, 474 жиргээчинг дагаж, 337 удаа жиргэсэн байх юм.  Гэтэл энэ цаг үеийн хөгжимийн ертөнцөд од болоод нөгөө Лэйди Гага 6,640,423  жиргээчинг дагуулж, 147,308 жиргээчинг дагаж, 506 удаа жиргэснээр хамгийн олон жиргээчинг дагуулж бас л твийтерийн ертөнцөд од болж байна.

Ер нь нөгөө “дэндүү давчуу”, “дэндүү завгүй” болсон энэ нийгмийн амьдралд хамгийн богино хэмжээтэйгээр хамгийн гол мэдээллээ бусдад түгээх, эсрэгээр гол хэрэгтэй мэдээллээ бусдаас олж авах боломжийг олгосон нь твийтерийн ертөнцийн гайхамшиг юм уу даа. Манай бизнесийн нөхдүүд бараа бүтээгдэхүүн, бизнес үйлчилгээгээ суртчилаад, улс төрч нөхдүүд эрдэнийн, эх орны хувь хишиг, нөгөө оюу толгой таван толгой гээд твийтрээр нэг жиргэж байна. Байх л зүйл, твийтер бол цахим бас чөлөөт ертөнц.

Эцэст нь хэлэхэд жиргээчин болоогүй бол хурдхан жиргээчин болоорой!