2009-11-01

Query –ны хурдыг сайжруулах зарим зөвлөмжүүд

  1. “SELECT * FROM …” гэж бүх баганыг мэдээллийн сангаас унших биш өөрт шаардлагатай цөөн хэдэн багануудаа л нэг бүрчлэн нэрээр нь зааж мэдээллийн сангаас уншвал илүү хурдан ажиллана.
  2. WHERE дээр аль болох sargable биш операторуудын оронд sargable оператор ашиглавал илүү хурдан
  3. WHERE дээр ашиглагдаж байгаа баганууд бүгд индексгүй тохиолдолд OR операторыг аль болох ашиглахаас татгалзах
  4. Боломжтой бол UNION –ны оронд UNION ALL –ыг ашиглавал илүү хурдан
  5. Нэг хүснэгтээс гаргасан хоёр тусдаа бичлэгүүдийг UNION хийж нэгтгэхгүй байх. Харин түүний оронд WHERE дээр OR ашиглан нэгтгэсэн бичлэгийг шууд гаргаж авсан нь илүү хурдан.
  6. Хүснэгтэнд тодорхой нэг нөхцөлийг хангах бичлэг байгаа эсэхийг шалгахдаа COUNT(*) бус EXISTS –ийг ашиглавал илүү хурдан ажиллана.
  7. Бүх бичлэгүүдийг биш зөвхөн хэрэгтэй бичлэгүүдийг WHERE дээр шүүлтүүр хийж авч байх
  8. Хүснэгтээс NULL өгөгдөлтэй бичлэгүүдийг шалгахдаа NOT IN –ийн оронд EXISTS, NOT EXISTS, IN эсвэл LEFT JOIN гэсэн операторуудыг ашиглавал илүү үр дүнтэй
  9. Хэрэв EXISTS –ийг ашиглах боломжтой бол аль болох IN операторыг ашиглахаас татгалзах
  10. Хэрэв BETWEEN –ийг ашиглах боломжтой бол аль болох IN операторыг ашиглахаас татгалзах
  11. IN операторыг ашиглан шүүлт хийхдээ байнга ашиглагддаг буюу хамгийн түрүүнд олдох өгөгдлөөс нь эхэлж эрэмбэлэн ашиглавал илүү хурдан ажиллана
  12. Боломжтой бол WHERE дээр бичлэгүүдийг шүүлт хийхдээ SUBSTRING –ийн оронд LIKE –ийг ашиглах нь илүү хурдан
  13. Үнэхээр шаардлагатай л биш бол ORDER BY –ыг ашиглахаас татгалзах
  14. Query –нд бичлэгүүдийг эрэмбэлэхдээ аль болох шаардлагагүй багануудаар эрэмбэлэхгүй байх
  15. Аль болох цөөн тооны мөртэй бичлэгүүдийг эрэмблэх
  16. Байнга эрэмбэлэлт хийдэг багануудын хувьд класстер индекс (clustered index)  үүсгэж ашиглах нь илүү хурдан
  17. Хэрэв GROUP BY –ыг aggregate function (SUM, COUNT,…) оролцуулалгүйгээр ашиглан, бичлэгүүдийг давхардуулахгүй авахыг хүсэж байгаа бол DISTINCT ашигласан нь илүү хурдан

Дээрх зөвлөмжүүд нь SQL Server -ээс гадна MSAccess, Oracle, MySQL гэх мэт бусад мэдээллийн баазын хувьд хэрэгжүүлэхэд мөн ялгаагүй Query -г хурдасгах боломжтой.

Танд амжилт хүсье!


    2009-10-25

    SQL Query –ны хурдыг сайжруулах (SARG-able operator)

    Хөгжүүлэгчид query бичихдээ анх бичээд л ажиллаж байвал дараа нь мэдээллийн сангийн өгөгдлийн хэмжээ тодорхой хугацааны дараа томрохыг бодолцохгүй бичих тохиолдолууд их байдаг. Харин дараа нь оновчтой бус бичсэн маш олон query –нүүд маш удаан ажиллах, удаан хугацаагаар хүснэгтүүдийг түгжих (lock) зэргээр системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, систем унаж эхэлдэг. 

    SQL Server дээр query –ны хурдыг сайжруулах нэг гол зүйл SARG(Search ARGument) -able биш операторуудыг WHERE дээр ашиглахаас аль болох татгалзах явдал юм. Ялангуяа индекс тавигдсан багануудын хувьд SQL Server нь индексээ ашиглан хурдан ажиллах боломжийг Sargable биш оператор нь байхгүй болгодог.

    Операторуудыг гүйцэтгэх хурдаар нь сайнаас муу хүртэл болон тэдгээрийг ашигласан жишээ query –г доор харуулав.


    Sargable операторууд:
    •    = (хамгийн гүйцэтгэл сайн sargable оператор)
    •    >
    •    <
    •    >=
    •    <=
    •    EXIST
    •    IS
    •    BETWEEN
    •    IN
    •    LIKE 'abc%' (хамгийн гүйцэтгэл тааруу sargable оператор)

    Sargable биш операторууд:
    •    IS NULL
    •    <>
    •    !=
    •    !>
    •    !<
    •    NOT
    •    NOT EXIST
    •    NOT LIKE
    •    LIKE '%abc'
    •    LIKE '%ABC%'
    •    LIKE '%abc%'
    •    Where нөхцөл дээр функц ашиглах
    •    column1 = column1 (ижил багануудыг хооронд нь жиших)
    •    column1 = column2 (өөр багануудыг хооронд нь жиших)

    Sargable биш оператор ашиглан оновчгүй бичигдсэн query-ны жишээ:
    1)  SELECT * FROM Customers WHERE Left(Name,4) = 'Jane'  / функц ашигласан /
    2)  SELECT * FROM Customers WHERE Salary IS NULL
    3)  SELECT * FROM Customers WHERE Name LIKE '%Jane%'
    4)  SELECT * FROM Customers WHERE PersonID NOT IN (SELECT PersonID FROM Persons WHERE Gender = 'Male')

    Sargable оператор ашиглан дээрх query –нуудыг илүү оновчтой байдлаар бичвэл:
    1)  SELECT * FROM Customers WHERE Name LIKE 'Jane%'
    2)  SELECT * FROM Customers WHERE Salary = 0
    3)  сайжруулах боломжгүй
    4)  SELECT * FROM Customers WHERE PersonID IN (SELECT PersonID FROM Persons WHERE Gender = 'Female')

    2009-10-18

    “Болор толь 2.0” толь бичгийн програм

    Танд англи хэл сурах шаардлага байгаа юу? Хэрэв байгаа бол энэхүү толь бичгийн програм бага ч гэсэн танд тус болох болвуу хэмээн бодож байна.



    Одоогоос 3 – 4 жилийн өмнө VB.NET –ийг орхиод C# дээр шинээр хийх системийнхээ кодыг бичих шаардлага гарч байсан юм. Тэр үед C# -ийн кодчлолын онцлог болон түүний функц, процедуруудтай богино хугацаанд танилцах зорилго урган гараад ... Зүгээр нэг танилцах биш танилцангаа нэг жижиг програм хийчихье гэж бодоод хийсэн програм нь энэхүү “Болор толь” гэсэн толь бичгийн жижиг програм юм.

    Энэхүү толь бичгийн програмыг маань ашиглаж үзсэн зарим найзууд интернэтэд байрлуулаач гэж хүссэний дагуу бүгдэд ТАТАЖ АВАХ боломжтойгоор байрлууллаа. 


    Програмын зарим боломжуудыг дурдвал:
    1. Англи, монгол гэсэн сонголт хийлгүйгээр аль альнаас нь шууд хайлт хийнэ
    2. Babylon –оос хайлт хийх боломжтой. (интернэтэд холбогдсон үед)
    3. Үг тогтооход дөхөм болохоор үг, өгүүлбэрүүдийг санамж байдлаар харуулдаг
    4. Тогтоох үгийг толь бичгээс шууд нэмэхээс гадна, өөрийн хүссэн үг, өгүүлбэрийг санамж болгон нэмж болно.
    5. Тогтоох үгийн харагдах хугацааг хэрэглэгч өөрөө дурын байдлаар тохируулах боломжтой.
    6. Хуулалт хийсэн (copy) үгийн орчуулга автоматаар харагдах боломжтой.
    7. Үг хайлтыг хийхэд хялбар буюу Ctrl + F1 (control товчийг F1 товчтой хамт)  дарвал хайлтын цонх нээгдэж дахин дарвал хаагдана.
    8. Дэлгэцийн өнгө, үсгийн фонтыг хэрэглэгч өөрөө дурын байдлаар сонгох боломжтой.

        Програм суухын өмнөх шаардлага:
        1. Програм ажиллах үйлдлийн систем: Windows XP, Windows Vista, Windows 7
        2. Хэрэв таны үйлдлийн систем Windows XP бол програмыг суулгахын өмнө Microsoft .NET Framework Version 2.0 –ыг суулгасан байх шаардлагатай!

          Програмын зарим дэлгэцүүд:


          Хайлт хийх цонх



          Үг тогтоох санамж үгсийн цонх




          Хуулалт хийсэн (copy) үгийн орчуулга



          PS: Өөрийнхөө сэтгэгдлийг үлдээвэл танд талархах болно.

          Индекс ашиглах нь (SQL Server)

          Мэдээллийн сан (database) -гийн өгөгдөл, мэдээллийн хэмжээ (ялангуяа дэлгүүр, банк, суурин болон үүрэн телефоны компани г.м байгууллагуудын мэдээлэл нэг минут, нэг цаг, өдөрт хэдэн мянга, саяаар нэмэгддэг) ихсэхийн хэрээр түүний гүйцэтгэх хурд (performance) эсрэгээр буурч эхэлдэг.

          Гэдийгээр маш сайн оновчтой database normalization болон denormalization хийсэн мэдээллийн сангийн дизайнтай байлаа ч SQL Tuning хийгээгүй бол мэдээллийн хэмжээ ихсэх тусам ажиллах хурд үхэр тэрэг мөлхөхтэй адил удааширдаг. Тэгэхээр энэ үхэр тэргийн хурдыг автомашины хурд болгон нэмэгдүүлэх сайн аргуудын нэг бол SQL Tuning –тай холбоотой индекс (index) -ийг зөв оновчтой ашиглах гэж хөгжүүлэгчид сайн мэдэх байх.

          Индексийг хэзээ хаана ашиглавал оновчтой байх цөөн хэдэн доорх зөвлөмжүүдийг хэрэгжүүлж байх нь хөгжүүлэгч бидэнд нэн хэрэгтэй байдаг. Үүнд:

          1. Query-ний WHERE дээр орсон багана (column) -уудын хувьд индекс үүсгэх
          2. Хүснэгт (table)-ийн гадаад түлхүүр (foreign key) баганууд дээр индекс үүсгэх
          3. Нэг хүснэгт (table) -нд дор хаяж нэг кластер индекс (clustered index) үүсгэх. Ихэвчлэн түлхүүр багана (primary key column) дээр үүсгэдэг.
          4. ORDER BY, GROUP BY, TOP болон DISTINCT –үүдэд байнга ашигладаг багануудын хувьд индекс үүсгэх
          5. Онцын шаардлагагүй индекс бус харин байнга хэрэглэгдэх индексийг үүсгэж ашиглах.
          6. Мэдээлэл нь байнга нэмэгдэж, хасагдаж байдаг динамик өгөгдөлтэй хүснэгтүүд (dynamic table)-ийн хувьд хэт олон индексийг үүсгэхээс татгалзах.
          7. Мэдээлэл нь байнга нэмэгдэж, хасагдах нь маш бага буюу тогтмол өгөгдөлтэй хүснэгтүүд (static table)-ийн хувьд индекс үүсгэхдээ FILLFACTOR –ын PAD_INDEX-ийг өндөр хувьтайгаар, харин динамик хүснэгтийн хувьд маш бага (default 0) хувьтайгаар тохируулж байх.
          8. Индексийг аль болох давхардуулж үүсгэхгүй байх
          9. Оновчтой индекс үүсгэхийн тулд үр дүнг нь үнэлэх бусад хэрэгсэл ашиглах (Index Tuning Wizard)

            Happy coding!

            PS: Өөрийнхөө сэтгэгдлийг үлдээвэл танд талархах болно.


            2009-10-11

            “INFINITY ERP” систем

            Танд энэ өдрийн мэндийг хүргэе!

            Цаг хугацаа харавсан сум мэт өнгөрлөө гэж хүмүүс ярьдаг даа. Анх блогоо нээгээд удаагүй буюу 2 жил хагасын өмнө Enterprise Resource Planning (ERP) цогц системийг бүтээн босгох ажлыг эхлүүлэх үед энэ өндөр уулын оргил дээр хэзээ гарна даа гэж өөрөөсөө асууж байсан нь саяхан мэт. Ямар сайндаа л нээсэн блогдоо салхи оруулаад ганц үг бичих ч зав гаргаж чадсангүй явсаар өдий хүрчихэж.

            Өнгөрсөн хугацаанд lapton -ныхоо гарыг өдөр шөнөгүй ёстой л баруун солгойгүй балбалаа. Зүгээр нэг ч балбаад байсангүй, янз янзын л юм их тохиолдож байлаа. Хийж байгаа системээсээ урам, эрч хүч авах ч үе байхад аргаа бараад үстэй толгойгоо барих, хийж байгаа системд маань зарим нь эргэлзэх, хойш чангаах ч үе байлаа. Хэдхэн буудлын цаана байгаа гэртээ харилгүйгээгээр бид бүгдээрээ олон хоногоор зочид буудалд байрлаад, өглөө ажил уруугаа хүргүүлээд шөнө дунд буцаад буудал уруугаа хүргүүлээд л хагас цэрэгжсэн байдалтай ажиллах ч үе байлаа. Цаашид хүмүүсийн маань хийх ажлуудын суурь нь болох ёстой үндсэн суурь дизайн, шийдлүүдийг хамгийн оновчтой байдлаар гаргах гэж толгойгоо эргэтэл гашилгах үе ч их байлаа. Гэхдээ бид зөв менежмент, зөв технологи, зөв зохион байгуулалтыг тодорхой түвшинд хэрэгжүүлэн зүтгэсний хүчэнд “INFINITY ERP” гэсэн системээ ямар ч байсан босгоод хэрэглэгчидээ ашиглуулаад үр дүнг харж байгаадаа баяртай байна.

            Магадгүй “МИНИИ ДЭЛГҮҮР” сүлжээний супермаркетуудаар та харих замдаа хүнсээ цуглуулдаг бол энэхүү систем маань таны худалдан авалт бүрийн төлөө танд үйлчилж л байгаа.

            Хийсэн системийнхээ модулиудыг товч дурдвал:

            1. Бараа материал (Inventory management system)
            2. Агуулахын систем (Warehouse management system)
            3. ПОС (Point Of Sale)
            4. RMS (Retail management system)
            5. Хөнгөлөлтийн карт (CRM - Loyalty card)
            6. Захиалгын систем (Sales order & purchase order system)
            7. Эрэлт, нийлүүлэлтийн прогноз (Forecasting supply)
            8. Үндсэн хөрөнгө (Fixed Asset)
            9. Удирдлагын менежментийн систем (MIS, Dashboard)
            10. Хүний нөөц (HR)
            11. Цаг бүртгэл (Timesheet)
            12. Цалин (Payroll)
            13. ….

              Энэ системд маань дотоод, гадаадын компаниуд, хөдөө орон нутгийн хэрэглэгчидээс авхуулаад жирийн худалдан авагч нар газрын хол ойр хамаарахгүй холбогдон өөрсдийн материаллаг болон мэдээллийн эрэлт хэрэгцээгээ хангаад ахуй амьдрал болон бизнесээ урагшлуулж байгаа нь харахад сайхан ч маш олон хэрэглэгчийн холболт, маш олон тооны нэгэн зэрэг хийгдэх гүйлгээнүүд, маш их мэдээллийн урсгалыг систем дээрээ ямар ч сааталгүй зохицуулах хүндхэн бөгөөд нэг талдаа нэр хүндтэй ч юм шиг хариуцлага гарч байна. Гэхдээ бусдын өмнө хүлээсэн хариуцлагатай байна гэдэг бас сайхаан.

              Давааны цаана даваа гэдгээр алдаа болгоноосоо суралцаж цаашид системээ улам боловсронгуй болгон хөгжүүлэхээр бодсон, санасан хийх зүйлс маш их байна. Мөн та ч гэсэн өөрийн зорьсон зүтгэсэн оргилдоо амжилттай хүрэх болтугай!

              PS: Өөрийнхөө сэтгэгдлийг үлдээвэл танд талархах болно.

              2007-05-16

              Миний багаж хэрэгсэл

              Барилгачин хүн барилга барихын тулд өөрийн багаж хэрэгсэлтэй байдагтай адил програм бичиж байгаа хөгжүүлэгч ч гэсэн өөрийн гэсэн багаж хэрэгсэлтэй байдаг. Барилга барьж байгаа хүнд барилгынхаа зураг схем, архитектур, дизайныг гаргах харандаа цаас, шугамаас авхуулаад алх, бахь, отвертка гээд л цахилгаан өрөм, хөрөө бүр цаашилвал том том өргөгч кран, машинууд нь жижигхэн зуслангийн байшин барихаас хэдэн арав, зуун давхар байшин барих хүртэл ямар нэг хэмжээгээр өөр өөрийн гэсэн чухал үүрэгтэй байдгийг бид нар мэднэ. Мөн ялгаагүй хөгжүүлэгч ч гэсэн өөрийн гэсэн шугам харандаа, алх, бахь, отвертка гээд л багаж хэрэгсэлүүдээрээ байшин барьдаг. Мэдээж хэрэг хөгжүүлэгчийн барьж байгаа байшин тодорхой нэг програм, програмын нэгж бүрдэл хэсгүүд байдаг билээ.
              Хөгжүүлэгчийн өөрийн сэтгэн бодох чадвараас гадна барьж байгаа байшингийнхаа онцлогт тааруулж багаж хэрэгсэлээ зөв сонгож, өөрийн болгож эзэмшиж чадсан хөгжүүлэгч цаг хугацаа хэмнэнэ. Цаг хугацаа хэмээх маш үнэтэй зүйлийг хэмнэснээр хөгжүүлэгч хүнд багаж хэрэгсэлүүд буюу өөр өөрийн үүрэг зориулалттай програмууд ямар их хэрэгтэй зүйл болох нь тодорхой юм.
              Иймээс оюутан дүү нартаа санаа нэмэрлэх боловуу хэмээн бодож өөрийн багаж хэрэгсэлүүдээ хэрхэн ашигладаг, ямар багаж хэрэслүүдтэй болохоо товч бичихээр шийдлээ.

              1. Гарын 10 хуруу
              Байгаль дэлхий бидэнд гар хэмээх гайхамшигтай багаж хэрэгсэлийг бэлэглэсэн билээ. Тэрхүү гайхамшигт бэлгийг хөгжүүлэгч хүн жинхэнэ өөрийн болгох хэрэгтэй буюу арван хуруугаараа бичиж сурах хэрэгтэй гэж боддог.
              Оюутан байхдаа би арван хуруугаараа бичихийг нэг их тоодоггүй байсан л даа. Нэг удаа хичээлийн бус цагаар ажилладаг компаний маань вэб мастер эгч текстийг компьютерт шивж байхыг хараад би бараг л биширсэн дээ. Тэр эгч зөвхөн текст бичсэн цаасаа хараад, компьютераа огт харахгүй 10 хуруугаараа тачигнуулсаар байгаад нэг А4 хуудас текстийг ёстой машиндаад дуусгаж байнаа. Дууссан хойно нь ямар ч алдаа байхгүй.
              Тэрний дараах нь би сургуулиа төгсөөд ажилд ороод арван хуруугаар бичиж сургах TypeQuick програмыг нүдэж эхэлсэн дээ. Ажил дээрээ өглөө ирээд 30 минут, орой явахдаа мөн 30 минут гаруй нөгөө програм дээрээ суусаар байгаад 2 сарын дараа ер нь овоо арван хуруугаараа бичиж эхэлсэн шүү. Мөн ажлын цагаар програмаа арван хуруугаараа бичих гээд л оролдож байсан болохоор анх бодож байсныг бодоход хурдан сурчих шиг болсон.
              Миний тэр үед ашиглаж байсан тэр програм тэр тэр товчийг эхэлж дарж сургана, тэгээд тэр товчнууд орсон үгнүүдийг тэгж тэгж бичүүлнэ, дараа нь өөр товчуудыг, сүүлд тоонууд бичиж сургана гээд хичээл нь их системтэй байсан нь ч нөлөөлсөн байж болох юм. Өөрийгөө хэр сайжирсаныг үзэхээр шийдэж арван хуруугаараа бичиж сурахаасаа өмнө хамаг хурдаараа бичиж байсан текстээ нэлээд сүүлд нь арван хуруугаар шивсэн чинь 3-4 дахин хурдан хугацаанд шивж байнаа. Тэгэхээр би 3-4 жил бичих тектийг 1 жил гаруй хугацаанд дуусгахаар чадваржуулж өөрийнхөө гар гэсэн багаж хэрэгсэлээ сайжруулсан байгаа юм. Одоо харин ямар хурдтай бичиж байгаагаа шалгаагүй яваа шүү.
              Англи хэл дээрх арван хурууны програм ашигласан болон програм бичихэд мэдээж латин үсгээр бичдэг болоодч тэр үү кириллээр арван хуруугаараа бичиж анхандаа олигтой болохгүй байсан. Харин хуруунууд товчон дээр байрлалаа олоод сурсан болоод тэр үү нэг их удалгүй өөрөө аяндаа кириллээр бичиж байсан шүү. Тэгэхээр кирилл, латин хоёрын алин дээр ч сурсан нөгөөхөөр нь бичихэд нэг их хүндрэл байхгүй юм билээ.

              2. Хулганаас гар заримдаа хурдан
              Мэдээж компьютерийн гар хулганы аль нэг нь байхгүйгээр бид бүхэн компьютерийн програмуудаа бүрэн дүүрэн ашиглахад хүндрэлтэй байна л даа. Гэхдээ бид нар хулганаа зөөж аваачаад ямар нэг комманд өгөхөөс компьютерийн гарны тусламжтайгаар тэр коммандыг өгчихвөл илүү хурдан байхыг нэг их анзаардаггүй. Жишээ нь: миний одоо ашиглаж байгаа MSWord програм дээр текст бичиж байгаад
              Ctrl+S товчны хослолоор Хадгалах
              Ctrl+N товчны хослолоор Шинэ документ
              Ctrl+F товчны хослолоор Текст хайх
              гэх мэтчилэн зарим коммандыг гараас өгсөн нь хулганаар өгснөөс зарим үед илүү хурдан санагддаг юм. Энэхүү товчнуудын хослолоор комманд өгөх боломжийг Shortcut Key гэж нэрлэдэг. Ихэнх програмууд өөрийн Shortcut Key –нүүдтэй байдаг бөгөөд бидний өргөн ашигладаг Windows хүртэл олноор агуулсан байдаг.
              Тэр тусмаа код бичиж байгаа хөгжүүлэгч байнга ашигладаг багаж хэрэгсэлийнхээ Shortcut Key –нүүдийг бүрэн дүүрэн мэдээд, ашиглаад сурчихвал цаг хугацааг бага ч гэсэн дусал дуслаар хэмнэнэ гэж боддог. Тэр бага цаг хуцааны дуслуудыг нийлвүүлвэл нуур цөөрөм шиг том дусал болно доо.

              3. Багаж хэрэгсэлүүдээ ойр байлгах
              Би өөрийн байнга ашигладаг багаж хэрэгсэлүүдээ хайж цаг алдаад байхааргүйгээр нүдэнд ойр байлгахыг хичээдэг. Windows XP үйлдлийг системийг ашигладаг болоод ч тэр үү маш олон багаж хэрэгсэл буюу програм суулгачихаар хүссэн програмаа хурдан хугацаанд ажиллуулахад төвөгтэй байдал үүсээд байдаг. Иймд би Windows –ын Start цэсний хажууд байрлах Taskbar-ын Quick Launch дээр байнга ашигладаг багажуудаа холбоод байрлуулчихдаг. Энэ нь надад маш хялбар байдаг.
              Нөгөөтэйгүүр өглөө ирээд компьютераа асаахад миний бүтэн өдрийн турш ашигладаг болон өглөө бүр үзэх ашиглах шаардлагатай Outlook Express, Yahoo Messenger, Толь бичиг, Yahoo Mail,... олон програмуудыг би өөрөө нэг бүрчлэн ажлуулаад байхааргүйгээр бүгдээр шууд ачаалагдаад, ачаалагдаж байх хооронд нь гутлынхаа шороог арчсан шиг эсвэл аягандаа кофе хийсэн шиг ч юм уу өөр зүйл амжуулж байх нь мөн зүгэээр санагддаг.
              Зарим програмууд Windows -той хамт эхэлнэ гээд тохиргоо хийчихээр өөрөө шууд ачаалагддаг. Тийм биш програмуудыг All Programs -> Startup цэс дотор хийгээд тохируулчихдаг. Бас л багаж хэрэгсэлээ ойр байлгах гэсэн миний л нэг оролдлого нөгөө талаар залхуурал ч юмуу.

              4. Миний ашигладаг багаж хэрэгсэл
              Нэр
              Тайлбар
              Үйлдлийн Систем
              Windows XP
              Windows 2003
              Текст бичиг баримт
              MS Office Word 2003
              MS Office Excel 2003
              MS Office Power Point 2003
              MS Office Outlook 2003
              И-Мэйл шалгах, бичих, салендарчилсан төлөвлөгөө гаргах, тэмдэглэл хөтлөх. Ер нь миний сайн туслах байгаа юмдаа.
              MS Office Project 2003
              Төслийн төлөвлөгөө гаргах
              NotePad++
              Текст засварлах
              UltraEdit
              Текст засварлах
              Adobe Reader 7.0
              Adobe Acrobat 7.0 Professional
              WinRAR 3.5
              Дуу, бичлэг, медиа
              WinAmp 5.0
              Windows Media Player 11
              QuickTime Player 6
              Зураг, график, дизайн, схем
              ACDSee 6.0
              Зураг үзэх
              Axialis IconWorkShop 6.0
              Айкон засварлах
              Adobe Photo Shop 7.0
              MS Office Publisher 2003
              Төрөл бүрийн загвар темплэйтүүд
              MS Office Visio 2003
              Зураг, схем
              ErWin 4.1
              Датабаазын хүснэгтийн дизайн гаргах (Oracle, MSSQL Server,….)
              Интернэт, FTP
              Mozila FireBox 2.0
              Вэб үзүүлэгч
              Total Commander 3.0
              Файл, FTP тай ажиллана
              ReGet Deluxe 4.1
              Интернэтээс файл татах
              CuteFTP 7.0
              FTP тай ажиллах
              Internet Explorer 7.0
              Вэб үзүүлэгч. FireBox 2.0 ыг гүйцэхгүй юм байна лээ
              Толь бичиг
              LongMan Dictionary
              My Dictionary 1.0
              Монгол англи, Англи Монгол толь
              Мэдээллийн бааз
              Oracel 9x
              MSSQL Server 2005
              MSAccess
              MySQL
              Програмын хэл
              C#
              VB.NET
              VB6
              PL-SQL
              Oracle тай ажиллахад
              T-SQL
              MSSQL тэй ажиллахад
              Хөгжүүлэлтэнд
              Microsoft Visual Studio 2005
              Microsoft Visual Studio 6.0
              Microsft Application Blocks for .NET
              Dot NET д зориулсан бэлэн модулиуд
              SQL Server Management Studio
              MSSQL тэй ажиллахад
              PLSQL Developer 7.0
              Oracle тай ажиллахад
              TOAD International Edition 7.5.4
              Oracle тай ажиллахад
              TotalSourceBook VB6
              VB6 –ын бэлэн модулиуд
              MacroMedia Dreamweaver 8.0
              MacroMedia Flash 8.0
              Crystal Report 10.0
              Sothink SWF Decompiler MX2005
              Flash файлыг задлана. Надад маш их хэрэг болдог.
              Бусад
              Acronis True Image 9.0
              Дискийг нөөцлөнө. Дараа хэзээ нэг цагт дискээ форматлахад шууд нөөцөө ашиглаад сэргээчихнэ. Зүгээр эд шүү
              Alcohol 120
              Virtual CD
              Nero 6
              CD, DVD бичнэ
              Symantec AntiVirus
              Вирусны эсрэг
              Virtual PC 2004
              Виртуал компьютер үүсгээд ямар ч үйлдлийн систем суулгаж болно. Маш хэрэг болдог зүйл дээ
              TuneUp Utilities 2006
              Компьютерээ хааяа энүүгээр цэвэрлүүлж байвал бас зүгээр шүү

              Хүмүүсийн ихэвчлэн мэддэг програмуудын тайлбарыг бичсэнгүй ээ.
              Танд санаа оноо байвал бидэнтэй хуваалцвал баярлана шүү.
              Амжилт хүсье!

              2007-05-02

              Анхны блог

              Миний блогийг сонирхон нээсэн эрхэм уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе!

              Монгол эх орны минь холбоо мэдээллийн технологийн хөгжлийг нэгэн "Их Далай" хэмээс миний нээсэн энэхүү блог өчүүхэн дусал болой. Өөрийн өчүүхэн боловч сурсан, мэдсэн зүйлсээ мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутан дүү нар болон "Их Далай"-д хүч нэмэн яваа мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалцаж, санал бодлоо солилцох нь миний хувьд Монгол орныхоо хөгжилд нэмэрлэх "дусал хүч" болов уу гэж бодож энэхүү блогийг нээлээ.

              Та ч гэсэн өөрийн хэмжээлшгүй их хүч чадал, чадвараа ямар нэгэн байдлаар Монгол орныхоо хөгжилд нэмэрлэн яваа гэдэгт би итгэж байна. Цаашид энэхүү блогийн минь талаар санал бодлоо солилцож, дусал хүчинд минь хүч болвоос танд их баярлах болноо.

              Танд амжилт хүсье!